Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэрэв эцэг, эх нь хүүхдийн дэргэд архидан согтуурсан нь тогтоогдвол ₮300,000-аар торгох шийтгэл оногдуулдаг"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Согтууруулах ундаа хэрэглэсэн эцэг, эх дөрвөн сартай хүүхдээ гудамжинд хаяж явсан хэрэг гарсантай холбоотойгоор Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар /ГБХЗХГ/-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухайн хуульд заасны дагуу, гарсан үнэлгээний дагуу хорооны хамтарсан баг өнөөдөр хуралдаж байна.

Энэ хурлаар тухайн гэр бүлийн нөхцөл болон эцэг, эхийн онцлог байдал зэргийг авч үзээд ямар арга хэмжээ авч, үйлчилгээ үзүүлэх талаар төлөвлөгөө гаргана.

Өөрөөр хэлбэл, тус хурлын шийдвэрээр, хүүхэд ямар нөхцөл байдалд байсан нь тодорхойлогдсоны дараа хуулийн арга хэмжээ авагдана.

Хүүхдийн эрхийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн дэргэд архидан согтуурсан тохиолдолд 300 нэгж буюу 300,000 төгрөгөөр торгодог. Тиймээс тухайн хүүхдийн эцэг, эхэд ийм шийтгэл оногдуулах боломжтой.

Хэрэв ийм нөхцөл байдал гаргасан нь тогтоогдвол дээрх байдлаар арга хэмжээ авна” гэсэн юм.

"Эцэг эх байх эрхийг нь хасах эсэхийг шүүх шийдвэрлэдэг"

Түүнчлэн “Хүүхдийн эцэг, эх байх эрхийг нь хасуулах хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас харьяа дүүргийн шүүх рүү явуулсны үндсэн дээр шүүх шийдвэрлэдэг.

Манай байгууллагын зүгээс харин хүүхдийг төлөөлсөн эрх бүхий албан тушаалтан болон цагдаагийн байгууллага хүсэлт гаргасны дагуу шүүх рүү эцэг эх байх эрхийг нь хасуулах асуудал яригдаж болдог.

Гэхдээ энэ хэргийн тохиолдолд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс анхааралдаа авч, хэрэг нээн шалгаж байгаа учраас манай улсын байцаагч орж ажиллахгүй.

Гэмт хэргийн шинжтэй байж магадгүй асуудалд эхлээд Цагдаагийн байгууллага шалгаж тогтоодог. Шалгалтаар зөрчлийн шинжтэй гэж үзвэл манай байгууллагад шилжүүлдэг" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/647281530026619