Нийслэлийн нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах Ажлын хэсэг тайлангаа танилцуулав.
Тус компани таван чиг үүрэгтэйгээр анх 2017 онд байгуулагджээ. Анх 324 хүний орон тоотой байсан бол өдгөө 189 хүн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчийг ажиллуулах гэрээ байгуулах эрхийг Нийтийн тээврийн газрын даргад олгосон байдаг. Энэ дагуу 2017 оны гуравдугаар сард байгуулагдсан “Сити баз консалтинг” ХХК-тай наймдугаар сарын 18-нд гэрээ байгуулжээ.
Гэрээ есөн зүйл, заалтаас бүрдсэн бөгөөд дөрвөн удаа гэрээг сунгаж, өөрчлөлт оруулсан байна. Гэрээний гол зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэх байсан ч гэрээ байгуулснаас хойш орлого жил бүр буурчээ. Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч удаа биелүүлээгүй гэсэн үг юм.
Нийслэлийн нийтийн тээврийн газраас “Сити баз консалтинг” компанитай байгуулсан гэрээгээ сар тутам дүгнэдэг ч хангалттай, бүрэн хангалттай гэж дүгнэдэг. Үзүүлэлтийг дүгнэх дүрэм, журам байдаггүй. Шүүхийн шийдвэр энэ гэрээг хууль бус, ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж гарсан ч одоог хүртэл гэрээ үргэлжилж байгаа юм. Тус компанид гэрээ байгуулсан цагаас хойш 17.1 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн орлогоос өгчээ. Жил бүр 3-4 тэрбум төгрөг өгсөн боловч төсвийн орлогыг сайжруулах үүргээ биелүүлээгүй байна. Иймээс гэрээний хэрэгжилт бүрэн биелээгүй тул гэрээг цуцлах саналыг Ажлын хэсгээс гаргасан байна.
Нийтийн тээврийн хотоос мөнхийн татаастай байдлыг цэгцэлж, зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байгааг онцолж байв. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тус гэрээг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цуцлахыг нийслэлийн Нийтийн тээврийн газарт Хотын даргын зөвлөлөөс үүрэг болгожээ.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!