Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.
“Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-аас энэ онд хэрэгжүүлэх долоон төслийг дэмжүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн танилцуулсан юм.
Тодруулбал, “Хангарди терминал”, Төмөр замын гаалийн хяналтын бүс, “Улаанбаатар экспо” үзэсгэлэнгийн танхим, Хүнс, барааны бөөний худалдааны төв гэсэн дөрвөн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Харин байгууллагын дотоод ажлын хүрээнд Авто сэлбэг, тос тосолгооны материал, дагалдах хэрэгслийн бөөний төв, Шувуут нуур, Мод үржүүлэг гэсэн гурван төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эдгээр төсөл нь Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлууд болох замын хэт ачаалал, агаар, хөрсний бохирдол, хүн амын төвлөрлийг бууруулахад чухал түлхэц болох юм.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ажилтай нийцүүлэн, тооцоо, судалгааг хийх, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулахыг үүрэг болголоо. Мөн бусад төслийн хувьд дэмжин ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад чиглэл болгов.
Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!