Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, саяхан болсон жагсаалтай холбоотойгоор 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 гаруй шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлыг өнөөдөр хэлэлцсэн. Ирүүлсэн шаардлагыг ангилан үзвэл:
Иргэдийн ирүүлсэн дээрх шаардлагын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой буюу үнийн өсөлттэй холбоотой асуудал байна.
Өнөөдөр УИХ үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний хуулийг батлан гаргалаа. Ингэснээр хэд хэдэн үр дүн гарна.
Тухайлбал, шатахууны үнийг боломжит хэмжээнд барих эрх зүйн орчин бүрдлээ.
Учир нь манай улсын хувьд инфляцад хамгийн их нөлөөлж, үнэ хөөрөгддөг зүйл бол шатахуун. Энэ багц арга хэмжээнд 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо байна" гэлээ.