Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдийн паркийн 6.9 га газарт кино театр, музей, галерей болон газар доорх 1,000 автомашины зогсоол барина"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийн паркийн тохижилт хийгээгүй хэсгийг хүн бүрд нээлттэй байлгах үүднээс хашааг нь буулгаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.

Тухайн хэсэгт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1,000 автомашины газар доорх зогсоол зэргийг барихаар төлөвлөсөн тухай Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэв.

Тэрбээр "Энэ хэсэгт ногоон байгууламж, спорт талбай, тоглоомын талбай байгуулагдаж, иргэдэд нээлттэй байх ёстой. Ингэж тохижуулах ажлын төлөвлөгөөгөө гаргаад, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр өдөр гэхэд бүтээн байгуулалт, тохижуулалтын ажлаа эхлүүлэхийг үүрэг болголоо. Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалт хийнэ.

Нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, газар доорх 1,000 автомашины зогсоол зэргийг барихаар төлөвлөсөн байна.

Ингэснээр ҮСАХ-д дөрвөн улирлын турш ажилладаг үйлчилгээний газруудыг нээнэ. Үлдсэн 20 га гаруй газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байдлаар хөгжүүлнэ гэсэн үг. Цаашид Улаанбаатар хотод байгаа шаардлагагүй, хашаа хайснуудыг буулгаж, хотоо цэлгэр, тухтай болгох ёстой" хэмээн бичжээ.