Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Мандал-Овоо 31-р гудамжны Их нарантай холбогдсон авто замын гүүрний ар, урд хэсэгт хөрсний ус ихээр гарч ойр орчмын өрхүүдийн хашаа руу ус орох зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсжээ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон Геодез усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид хамтран тус хэсэгт энэ сарын 21-23-ны өдрүүдэд ажилласан байна.
Албан хаагчид тус гүүрний усыг чөлөөтэй урсгах зорилгоор гүүрний хойд талд 1.5 километр, урд талд 2 километр орчим шуудуу татаж, 184 тонн мөсийг зориулалтын техникээр зөөвөрлөжээ.
Мөн усны урсцыг сайжруулах зорилгоор гүүрний хойд хэсэгт тогтсон усанд давс, мөс хайлуулах бодис зэргийг хийсэн байна.
Хөрсний ус ихээр гарч халиа дошин үүсэх нь байгалийн хүчин зүйлээс шууд хамааралтай тул нөхцөл байдал дахин хүндэрсэн тохиолдолд тус ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн ажиллана гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!