"Гэр хороол хөдөлгөөн"-өөс тус хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус хөдөлгөөний төлөөлөл “2012-2016 онд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх санал санаачилгыг гаргаж байв. Ингэснээр анх удаа Улаанбаатарчууд өөрсдийн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоо бий болж байсан юм.
Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлснээр иргэдийн газрыг үнэ цэнтэй болгосон төдийгүй иргэд газар дээрээ бизнес хийх, орон сууцаар солих боломжийг бий болгосон цорын ганц хүн.
Гэвч түүний хийсэн ажлыг харлуулж, гутаахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлт хууль бус, хийх шаардлагагүй зүйл байсан гэж МАН-ынхан Засгийн эрх авснаас хойш өнөөдрийг хүртэл дайрч, улмаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон.
Ялангуяа, тухайн үед нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон. Тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хууль бус гэж эсэргүүцэж байсан хүмүүс.
Э.Бат-Үүл хотын дарга байх үед гэр хорооллын иргэдийн өмч болсон газрыг зах зээлийн үнээр нь бодож орон сууцаар солих харилцан тохиролцсон гэрээг нийслэл баталгаажуулж гурван талт гэрээ байгуулж байв. Гэтэл МАН 2012 оноос өмнөх бизнесээ хийхийн тулд энэ ажлыг зогсоож, харлуулсан.
Тухайлбал, С.Батболд хотын дарга байх үедээ Улаанбаатар хотын 1, 2 дугаар бүсэд амьдарч байсан иргэдийн хашааны газрыг орон сууцны урьдчилгааны 30 хувьд тооцож авах захирамж гаргаж байсан. Түүнээс болж өрөнд орон байж газраа хотын төвөөс зайдуу орон сууцаар сольсон хэд хэдэн иргэн бий.
Тиймээс С.Амарсайхан, С.Батболд нарыг АТГ-д шалгуулахаар өгч байна.
Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн Э.Бат-Үүлд хилс хэрэг тохон хуурамч хохирол бий болгож хэлмэгдүүлсэн. Түүнийг гэр хороололтой нь хамт хорьсон гэж бид үзэж байгаа.
Гэр хороололд дахин төлөвлөлт хийхгүйгээр агаар, хөрсний бохирдлоос бид салах аргагүй. Тиймээс үүнийг санаачилсан Э.Бат-Үүлийг хорьсон явдалтай бид хатуу тэмцэхээ илэрхийлье” гэлээ.
Гэр хороолол хөдөлгөөний УЗГ Я.Мөнгөнцэцэг “Бид Э.Бат-Үүл гэдэг хүнийг гэр хорооллын дахин төлөвлөлтийг санаачилсан учраас яллах ёсгүй гэж байгаа юм биш. Гол нь түүний улсад учруулсан хохирол нь шүүхээр тогтоогдоогүй.
Мөн 409 дүгээр анги бол дамжин өнгөрүүлэх хорих анги бөгөөд хэрэг нь бүрэн шийдэгдээгүй хүмүүс хоригддог. Гэвч түүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хаасан.
Түүнээс гадна, шахмал түлш нэртэй бизнесийг шалгаасай гэж хуулийн байгууллагаас шаардмаар байна. Учир нь өмнө нь нүүрс түлдэг байхад хэзээ гэр хорооллын айлуудын гэр ийм тортогтой байдаг байсан юм бэ” хэмээн ярилаа.
Мөн тэрбээр хорих ангиас Э.Бат-Үүл гэр хорооллынхонд хандаж уриалга гаргасныг уншиж танилцууллаа.
Тус уриалгад
"Гэр хорооллын иргэд ээ! Та нар минь битгий ялагдаарай.
Миний бие, 2002 оны арваннэгдүгээр сард Сүхбаатар талбайд "Трактортой цуглаан" зохион байгуулж, Төв, Сэлэнгэ, Дорнод аймгийн тариаланчдын дэмжлэгтэйгээр гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалан тэмцсэн билээ. Үүний үр дүнд Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн хашаа "газарт оролгүй" хамгаалагдаж үлдсэн.
Тэр цагаас хойш 20 жилийн турш гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хамгаалахын төлөө тэмцэж ирлээ. 2012 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийг 17 байршилд эхлүүлж, хотоос тогтоосон захиргааны үнээс хашааны газрыг чөлөөлж, газрын эзэд газраа чөлөөт үнээр худалдаж байх шийдвэрийг гаргасан.
Улмаар хөрөнгө оруулах сонирхолтой компаниудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан. Үр дүнд нь хашааны газрын үнэ огцом өсөж, хашааны газраа бүтэн орон сууцаар солилцдог болсон билээ.
Харамсалтай нь 2016 оны нийслэлийн сонгуулиар Ардчилсан нам ялагдаж, Монгол Ардын нам нийслэлийг эргэн удирдах болсон. Олигархиуд буцаж ирэнгүүтээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүх ажлыг зогсоосон.
Энэ ажлын зориглон хийж эхэлсэн компаниудын санхүүжилтийг гацааж, тэднийг өрөнд оруулсан. Тэдний цаад зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг бүхэлд нь гутааж, бүх бурууг нэгэн аав, хүү хоёрт тохож иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг айлгаж, хашааны газрыг үнэгүйдүүлэн эздээс нь дээрэмдэн авч ашиг олох шунал юм. Үүнийг нь шүүх хурлын үеэр "Дэвшүүлсэн бодлого үйл ажиллагааны чинь төлөө таныг яллаж байна" гэсэн прокурорын үг нотолж байна.
Олигархиуд гэр хорооллын утааг арилгаж, ядуурлыг бууруулах нэрээр олон их наядаар хөлжлөө. Гэр хорооллыг үеийн үед төрийн дарга нарын мөнгө хийх бизнес болгон ашигласаар ирлээ. Үүнийг өнөөдрийн гамшиг болсон утаа, ядуурсан гэр хороолол гэрчилнэ.
Гэр хорооллын иргэдээ, та нар битгий ялагдаарай. Хашааны газраа хамгаалаарай! Тэдэнд бүү хууртаарай.
Та нарын хашааны газар дээр ирээдүй үе чинь аз жаргалтай амьдрах Шинэ Улаанбаатар босох ёстой. Та бүгдийн төлөө тэмцсэн миний 20 жилийн тэмцлийг битгий үнэгүйдүүлээрэй.
Би ямар ч үр дүнгүй тэмцэл хийсэн баймааргүй байна! Үүний төлөө ямар ч хатуу ширүүн залхаалтыг давахад бэлэн байна. Намайг зүгээр ч гэр хорооллын Бат-Үүл гээгүй юм шүү! Би та нарынхаа төлөө тэмцсээр дуусна аа.
Эрдэнийн Бат-Үүл" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!