Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

“100% дүүргэлттэй шинэ жилийн хүлээн авалтад оролцох иргэд нэмэлт тунд хамрагдсан байх эсвэл шинжилгээ өгөхийг Хариуцлагын гэрээнд тусгасан”

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цар тахлын энэ үед хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай Хариуцлагын гэрээ байгуулсны үндсэн дээр 50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй.

Тэгвэл Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албатай хоёр удаагийн хэлэлцээрийн үр дүнд өчигдөр тухайн гэрээг шинэчилж, шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулахад санал нэгджээ. 

Үүнтэй холбоотойгоор Монголын Ресторан, зоогийн газрын холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнхөөс тодрууллаа.

- Юун түрүүнд, цар тахал зочлох үйлчилгээний салбарт хэрхэн нөлөөлсөн болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай байгуулах Хариуцлагын гэрээг хэдэн удаа шинэчилсэн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

- Ресторан, зоогийн үйлчилгээний салбарт нийт 3,900 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 40,000 гаруй иргэн ажилладаг. 

Цар тахал анх бүртгэгдсэнээс хойш буюу 2020 оны гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл нийт 20 сарын хугацаанд дээрх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа 130 хоног бүрэн зогссон. Мөн 200 өдөр нь цагийн хязгаарлалтай, 60 хоног зөвхөн хүргэлтээр ажиллахын зэрэгцээ ажиллах хүчин чадлаа 50 хувиас хэтрүүлэхгүйгээр ажиллаж ирлээ.

Бид гэнэтийн есөн удаагийн хязгаарлалтын шийдвэрүүдэд дасан зохицож, олон хувилбараар ийнхүү ажиллаж байсан нь зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын онцлог болох хоол хүнс, бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтийн, хүнсний аюулгүй байдлын устгалын алдагдал, байрны түрээсийн дарамт, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, НӨАТ, Нийслэлийн болон бусад бүх төрлийн татварын дарамт, цалин хөлсний ойлгомжгүй хэлбэлзэл зэрэг маш олон эрсдэл, хүндрэлүүд дагуулж байв.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай салбар нийт борлуулалтынхаа 40 хувьд ч хүрч ажиллаж чадаагүй. 

Хариуцлагын гэрээний тухайд, анх бид өнгөрсөн зургаадугаар сарын 25-нд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазартай ярилцаж, уг гэрээг байгуулсан.

Ингэснээр Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн "Улбар шар" түвшинд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн үндэс бий болж, Улаанбаатар хотод хоол үйлдвэрлэл, уух зүйлийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд 50 хувийн дүүргэлттэйгээр 22:00 цаг хүртэл ажиллахаар болсон юм.

Дараа нь наймдугаар сараас эхлэн 00:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн.

Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 5-нд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг шинэ Хариуцлагын гэрээ байгуулах зүйл яригдсан юм. Энэ нь удахгүй болох шинэ жилийн хүлээн авалтуудтай холбоотой ямар зохицуулалт хийх тухай байсан юм. Үүнийг өчигдөр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахад илүү хялбар болгож дахин шинэчлэхээр санал нэгдсэн.

- Хариуцлагын гэрээ шинэчлэгдсэнээр ямар давуу талууд бий болж байгаа вэ?

- Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас яг Хариуцлагын гэрээ байгуулан ажиллах шаардлагатай 2,000 гаруй аж ахуйн нэгж бий. Үүнээс өнөөдрийн байдлаар 10 гаруй хувь нь л гэрээг байгуулсан байв.

Энэ нь өмнөх буюу арваннэгдүгээр сарын 5-нд хийсэн Хариуцлагын гэрээний зарим заалт нь ойлгомжгүй болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хавчсан байсантай холбоотой бөгөөд нь олон маргаан дагуулсан асуудал болж байсан юм.

Иймд Монголын ресторан, зоогийн газрын холбоо болон Баар эрхлэгчдийн холбоо хамтран Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай ажил хэрэгч уулзалтуудыг хийн өчигдөр хэлэлцээрээ эцэслэж, Хариуцлагын гэрээг шинэчлэхээр болж, хэд хэдэн нааштай өөрчлөлтүүдийг тусгасан.

Тухайлбал, өмнөх Хариуцлагын гэрээгээр аж ахуйн нэгжүүд 50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулж байсан. Энэ нь орлогынхоо 50 хувийг олж байгаа буюу ашиг олохгүйгээр зөвхөн урсгал зардлаа нөхөх хэмжээнд л үйл ажиллагаагаа явуулж, санхүүжүүлэх бололцоотой байсан гэсэн үг.

Тэгвэл өчигдрийн хэлэлцээрийг цар тахлын нөхцөл байдал сайжирч буйтай уялдуулан шийдвэрлэсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдийн заал дүүргэлтийг 50 хувь байлгах хоригийг цуцалж, гэрээгээ шинэчилсэн аж ахуйн нэгжүүд 100 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болно гэдэг дээр санал нэгдсэн.

Энэ нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тустайгаас гадна шинэ жилийн арга хэмжээнд орохоор төлөвлөж буй байгууллагуудад хүндрэл учруулахгүй байх ач холбогдолтой гэж талууд үзсэн юм.

Гэхдээ төр засгаас аж ахуйн нэгжүүд 100 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулахын тулд үйлчилгээний ажилтнууд коронавирусийн эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд заавал хамрагдсан байх шаардлагыг тавьж байгааг хэлье.

Түүнчлэн өмнөх буюу арваннэгдүгээр сарын 5-нд хийгдсэн Хариуцлагын гэрээнд зааснаар зочлох үйлчилгээний салбар нь шинэ жил, хүлээн авалт, олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахдаа зөвшөөрлийг тухайн дүүргийнхээ Худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөл болон Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комисст гээд нийт гурван газар тус тус мэдэгдэх ёстой хэмээн тусгасан байв.

Харин шинэчилсэн гэрээгээр олон газраас зөвшөөрөл авах шаардлагагүй болсон буюу зөвхөн тухайн дүүргийнхээ Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд мэдэгдэх ёстой болгож өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл, шинэ жил, ямар нэг тэмдэглэлт ойн баярын хүлээн авалт зохион байгуулах болсон аж ахуйн нэгж нь хэчнээн хүн оролцсон ямар арга хэмжээ зохион байгуулах болсон тухайгаа зөвхөн дүүргийнхээ Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд л мэдэгдэх хэрэгтэй болгож сайжруулсан.

Ингэхдээ мэдээж төрөөс зарим байгууллагад хяналт, шалгалт хийх эрхтэй байх юм.

- Шинэ гэрээний хүрээнд ресторан, зоогийн газрууд ажилтнуудаа вакцины нэмэлт тунд хамруулсан байх л үүрэг хүлээнэ гэсэн үг үү?

- Нэг ёсондоо тийм. Ажилтнуудаа вакцины нэмэлт тунд хамрагдсан байх шаардлагыг хоол үйлдвэрлэл, уух зүйлсээр үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд, Ресторан, зоогийн газрын холбоо, Баар эрхлэгчдийн холбоо дэмжсэн.

Тэр ч утгаараа бид хоёр долоо хоногийн өмнө зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах идэвхийг нэмэгдүүлэхээр суурин таван цэгт дархлаажуулалтын ажил зохион байгуулсан.

Төр засгаас тавьсан үйлчилгээний газруудын ажилтнууд гурав дахь тунд хамрагдах  шаардлага нь нэг талаас, салбарын ажилтнууд болон тус салбараар үйлчлүүлж байгаа иргэдийг эрүүл мэндийг хамгаалж буй  хэрэг гэж ойлгож, бид хүлээн зөвшөөрч буй.

Тиймээс салбарынхаа нийт ажилтныг вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав дахь тунд хамрагдахыг холбоодын зүгээс уриалж байна.

- Шинэ жилийн хүлээн авалт зохион байгуулах ААН-үүд үйлчлүүлэгч нартаа ямар шаардлага тавихаар гэрээнд тусгасан бэ?

- Олон нийтийн арга хэмжээ буюу шинэ жилийн хүлээн авалт зохион байгуулах гэж буй аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудаас гадна түүгээр үйлчлүүлж буй иргэд вакцины нэмэлт тунд хамрагдсан байх эсвэл үүдэндээ заавал шинжилгээ өгөх шаардлагыг тавихаар Хариуцлагын шинэ гэрээнд тусгасан.

Энэ нь зөвхөн шинэ жилийн хүлээн авалт хийх буюу олон нийтийн томоохон арга хэмжээ зохион байгуулах аж ахуйн нэгж, түүгээр үйлчлүүлэх гэж буй үйлчлүүлэгч нарт хамаатай.

Харин өдөр тутмын энгийн үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд 100 хувийн дүүргэлттэй байх хэдий ч үйлчлүүлэгчдийг заавал гурав дахь тунд хамрагдсан байх эсвэл шинжилгээ өгөхийг шаардахгүй. 

Энэ тохиолдолд зөвхөн өдөр тутмын халдвар хамгааллын арга хэмжээнүүд буюу үйлчлүүлэгчийн халууныг хэмжиж тэмдэглэх, ариутгал, цэвэрлэгээ, агаар сэлгэлтийг сайн хийх зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдээ сайн хэрэгжүүлээд явна гэсэн үг.

Гол нь аж ахуйн нэгжүүд Хариуцлагын гэрээгээ шинэчилснээр дөрвөн хүний ширээнд хоёр хүн суудаг, 50 хувь гэсэн хүний тооны хязгаараас үүдэлтэй зарим үйлчлүүлэгчээ хүлээлгэдэг асуудал байхгүй болж байгаа юм. Энэ бол том давуу тал гэж харж байна.

- Шинэ жилийн хүлээн авалтад оролцох бүх үйлчлүүлэгч бүүстер тунг хийлгэх эсвэл шинжилгээ өгөх ёстой гэх шаардлага хэр зөв гэж Та бодож байна вэ?

- Өнгөрсөн жил шинэ жил зэрэг тэмдэглэлт баяраа бид тэмдэглэлгүй өнгөрөөсөн. Тиймээс энэ жил шинэ жилээ тэмдэглэе гэх хүсэлтэй маш олон байгууллага байгаа тул ийм хүсэлт тавьсан гэж бодож байна.

Тиймээс Засгийн газраас тавьж буй шаардлагыг хүндэтгэж буй. Учир нь бид олон хүнийг дархлаа сэргээх тунд хамруулж байж эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой.

- Ер нь зочлох үйлчилгээний салбарын хэчнээн хувь нь вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан бэ?

- Одоогоор манай салбарын дунджаар 20-25 хувь нь вакцины  нэмэлт тунд хамрагдаад байна. Зарим аж ахуйн нэгж 100 хувийн хамрагдалттай байгаа бол зарим байгууллагын 80-90 хувь вакцины гурав дахь тунг хийлгээд буй.

Ямартай ч арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө буюу шинэ жилийн хүлээн авалтууд эхлэхээс өмнө бүх аж ахуйн нэгжүүд маань Хариуцлагын шинэчилсэн гэрээгээ байгуулан вакцины нэмэлт тундаа хамрагдаад үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөлөө бүрдүүлээсэй гэж хүсэж байна.

Мэдээж, нэмэлт тунг хийлгэх эсэх нь тухайн хүний эрхийн асуудал. Гэхдээ миний бодлоор, олон судалгаа шинжилгээ хийсний эцсийн үр дүнг зөвлөж буй Эрүүл мэндийн яам, эрдэмтдийнхээ заавар зөвлөмжийг дагах нь зүйтэй гэж бодож байна.

- Зарим баар, паб, ресторан цар тахлын өмнөх цагийн хуваарьдаа шилжих хүсэлт тавьсан гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Бид нэлээд их ярилцсаны эцэст, одоо 00:00 цаг хүртэл ажиллаж буй зарим байгууллагын цагийн хуваарийг цар тахлын өмнөх үеийнх шиг буюу 04:00 цаг хүртэл болгох хүсэлтийг тавьсан. Гэвч энэ удаа уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай холбогдох байгууллагуудаас хариу мэдэгдсэн.

Гэхдээ Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын "Шар" түвшинд шилжсэн тохиолдолд бид хэвийн амьдралдаа шилжиж, үйлдвэр, үйлчилгээний газарт тавигдаж буй бүх хорио цээрийн цуцална хэмээсэн.

Засгийн газар ч зорилтот буюу 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нь вакцины дархлаа сэргээх тунд хамрагдвал Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулахаа амласан.

Жишээ нь, хэрэв зорилтот бүлгийн иргэдийн бүүстер тунгийн хамрагдалт арванхоёрдугаар сарын 15-н гэхэд 50 хувьд хүрвэл арванхоёрдугаар сарын 16-наас нь эхлээд бид энгийн горимоор ажиллах юм байна гэсэн хүлээлттэй байна.

Тиймээс л салбарынхандаа болон шинэ жилээ тэмдэглэхээр төлөвлөж буй бүх байгууллагын ажилтнууд, иргэдийг вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалж байна.

- Хариуцлагын гэрээг олон дахин шинэчилж байгааг байгууллагууд хэрхэн хүлээн авч байна вэ?

- Мэдээж хариуцлагын гэрээг байн байн өөрчилж буй нь аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэйг холбоонууд ойлгож байгаа. Гэхдээ шинэчлэх бүрд өмнөх хязгаарлалтууд багасаж буй хэрэг юм.

Тухайлбал, энэ удаа байгууллагууд зөвхөн тухайн дүүргийнхээ хоол хүнс, үйлдвэр үйлчилгээнийхээ хэлтэстэй шинэ Хариуцлагын гэрээ байгуулаад 100 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж буй тул зөвөөр ойлгож хүлээн авна гэж итгэж байна.

Бид гэрээг хөнгөвчилж, шинэчлэхийн тулд Улаанбаатар хотын ерөнхий менежер Д.Ганболд, Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга З.Төмөртөмөө, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал зэрэг хүнтэй хоёр удаагийн уулзалт хэлэлцээрийг хийж байж өнөөдрийн үр дүнд хүрлээ.

Нийслэлийн Удирдлагууд аж ахуйн нэгжүүдийн дуу хоолойг сонсож, салбарын мэргэжлийн Холбоонуудтай хэлэлцээр хийх замаар түргэн шуурхай арга хэмжээ авч, эдийн засгаа эргэлтэд оруулах, хувийн хэвшлээ дэмжин тодорхой алхмуудыг шат дараалалтай авч буйд талархаж байна.

Шинэчлэгдсэн Хариуцлагын гэрээний тухай нийслэлийн болон дүүргүүдийн асуудал хариуцсан ажилтнууд албан ёсоор бүх аж ахуйн нэгжүүдэд зарлах байх.

- Ярилцсанд баярлалаа.