Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Магалжав: Дөрвөн бөхийн сорьцоос допинг илэрсэн байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гурван тэгш ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 16, 17-ны өдөр зохион байгуулагдаж, 512 бөх оролцсон билээ. 

Тус барилдаанд оролцсон 18 бөхөөс допингийн шинжилгээ авахад дөрвөн дээжээс допинг илэрсэн талаар МҮБХ-ноос мэдээллээ. 

Монголын Үндэсний Бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав "512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрийн саналаар хоёр гээд нийт 18 бөх допингийн шинжилгээ өгсөн. 

Манай холбоо шинжилгээний хариуг хүлээж авмагцаа бөхчүүдэд мэдээлсэн бөгөөд 10 хоногт багтан Б сорьцоо шинжлүүлэх эсэх хариугаа бидэнд мэдэгдэх ёстой. Дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрсэн учраас шинжилгээний дүнг эсэргүүцэж байгаа бол Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаж болно. Хүсэлт гаргаагүй тохиолдолд шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ. 

БНСУ руу А, Б хоёр сорьцыг хамт илгээсэн байгаа бөгөөд бөхчүүдийн хүсэлтийг харгалзан Б сорьцод шинжилгээ хийж, дахин допинг илэрвэл нэрийг нь зарлана.

БНСУ-аас 18 бөхийн шинжилгээний хариу нэг дор ирүүлээгүй. Тус улсаас допингийн эсрэг байгууллагад хариу нь цуваад ирснийг өнөөдөр нэгтгээд манай холбоонд ирүүлсэн. Ирсэн бичиг дээрээс харвал БНСУ дахь лабораторид шинжилгээний хариуг 2021 оны аравдугаар сарын 28-нд эцэслэсэн гэсэн байна" хэмээн хэллээ. 

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд шөвгөрсөн 18 бөхөөс наймдугаар сарын 17-ны өдөр шинжилгээ авч, БНСУ руу шинжлүүлэхээр илгээгээд байсан юм.