Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Бичлэгт дурдагдсан нэр бүхий шүүгчдийг тагнасан, дагаж мөрдсөн байж болзошгүй учир хуулийн байгууллагад хандсан"

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Шүүгч, АТГ-ын ажилтан зэрэг хүмүүстэй холбоотой бичлэг цахим орчинд цацагдсан. Тус бичлэгт дурдагдсан шүүгчид болон эмэгтэйчүүдийн өмгөөлөгч нар Тагнуулын ерөнхий газрын үүдэнд мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=472399970796051

Өмгөөлөгч Д.Баттулга "Миний бие өмгөөлөгчийнхөө хувиар гэмт хэргийн гомдол мэдээллийн тагнуулын байгууллагад гаргалаа.

2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр цахим орчинд Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн байрны орцны бичлэг цацагдсан. Тухайн бичлэгт нэр бүхий шүүгчид, төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд болон бусад хүмүүс бичигдсэн байдаг. Тус бичлэг дэх хүмүүсийг прокурорын зөвшөөрөлгүйгээр тагнасан, дагасан, мөрдсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 21.13-т заасан гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй байгаа. Тийм учраас өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хууль заасан гэмт хэргийг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт гомдол гаргаад байна.

Тэр бичлэгт дурдагдсан эмэгтэйчүүд хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчид хандсан. Тэдний өмгөөлөгч нарын өгч байгаа мэдээллээр тухайн эмэгтэйчүүдийг цагдаагийн байгууллагын алба хаагчид маш олноороо амралтын өдөр, ажлын бус цагаар гэрээс нь баривчилж, 10 гаруй цаг тайлбар мэдүүлэг авсан байна. Ингэхдээ эрүү шүүлт тулгасан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс УЕПГ, НПГ болон ЦЕГ-ын Тусгай субьектыг мөрдөн шалгах хэлтэст гомдол гаргаалд байна" гэв. 

-Энэ асуудалд хүний эрхийг хэрхэн зөрчсөн гэж үзэж байна вэ?

-Бичлэгт дурдагдсан эмэгтэйчүүдийн өгч байгаа мэдээллээр цагдаагийн албан тушаалтнууд хүч хэрэглэсэн байж болзошгүй байдлаар тайлбар, мэдүүлэг авсан. Орцны бичлэг үзээд л биеэ үнэлсэн гэж үзэн, албан тушаалтнуудын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж байна.

Тухайн бичлэг дээрх зарим хүн гэр бүлтэй. Үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод гэртээ ч харьж чадахгүй байгаа.

-Дансаар мөнгө шилжүүлсэн гэдэг асуудлын тухай?

-Миний үйлчлүүлэгчийн тухайд дансны мэдээллийг бүтнээр нь харсан бол бодит байдал тогтоогдоно гэдэг тайлбар өгсөн. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтооно.

-Тэдгээр хүмүүсийн хэд нь гэр бүлийн хүмүүс байсан бэ?

-Яг хэдэн гэр бүлийн хүмүүс байсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тухайн хүмүүсийн найз нөхдөөрөө уулзахыг хориглоогүй. Гэтэл найзуудаараа уулзсаныг нь хууль зөрчлөө гэж тулгаж болохгүй.

-Нийслэлд хатуу хөл хориотой байхад тэдгээр хүмүүс нэгнийдээ очсон нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

-Үүнийг тодруулж үзсэн. Хөл хорио суларсан цаг хугацаанд уулзсан юм билээ.

-Бичлэг анх хаанаас цацагдсан бэ?

-Зарим хүн СӨХ-ноос цацагдсан гэж байгаа. Харин СӨХ нь цоожтой байсан гэдэг үйл баримт яригддаг. Өмгөөлөгчдийн зүгээс тухайн нэр бүхий шүүгчдийг тагнасан, дагаж мөрдсөн, энэ нь Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн үйл баримт байна гэж үзэж байгаа.

-Цагдаагийн байгууллагаас бие үнэлснийг нотлох дансны хуулга олдсон гэж мэдэгдсэн?

-Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд биеэ үнэлж байгаагүй гэдгээ мэдэгдсэн. Зөвхөн дансных нь гүйлгээг үндэслэж ингэж үзэж байгаа нь хууль бус юм. Дансных нь нийт гүйлгээг шүүж үзэх юм бол энэ үйл баримт үгүйсгэгдэнэ гэдгээ өөрөө хэлсэн.

Бусад хүмүүс нь ч найзуудын хооронд өр, авлага байсан. Үүнтэй холбоотой гүйлгээ хийгдсэн гэдэг тайлбар хэлж байгаа.