Хүүхдийн төлөө фонд "6,556 onecoin зоос буюу нэг тэрбум төгрөгтэй тэнцэх хандив"-ыг хүлээн авах боломжгүйгээ мэдэгдлээ
Хүүхдийн төлөө фондын үйл ажиллагааг сэргээж байгаатай холбоотойгоор хуримтлал үүсгэх “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан билээ.
Уг тоглолтын үеэр хандивлахаар амласан цахим мөнгө болох "6,556 onecoin зоос буюу нэг тэрбум төгрөгтэй тэнцэх хандив"-ыг Монгол Улсын одоогийн хууль тогтоомжийн хүрээнд, хүлээн авч, бүртгэн, зарцуулах эрх зүйн орчин байхгүй тул дээрх хандивыг хүлээн авах боломжгүйгээ Хүүхдийн төлөө фонд мэдэгдсэн байна. Мөн цаашид энэ төрлийн хандивыг хүлээн авахгүй гэжээ.
Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүүхдийн төлөө фонд байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Цаашид нэмэгдэх тус сангийн хөрөнгийг Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр, Хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолбор зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулахаа мэдээлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

