Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар айлчилж буй БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-н 16:00 цагт Улаанбаатарт ирэх юм.
Хоёр өдөр үргэлжлэх айлчлалын гол зорилго нь хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх мөн хоёр орны дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахад оршиж байгаа талаар ГХЯ-наас мэдээлсэн. Айлчлалын хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийх юм байна.
Маргааш БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И төрийн гурван өндөрлөгт бараалхах товтой байгаа ч хөтөлбөр нь эцэслэн батлагдаагүй байгаа аж.
Айлчлалыг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулах учир аль болох цөөн хүн оролцуулахаар бэлтгэл хангасан бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнтэй биелэн уулзах болон үйлчилгээний ажилтан нийт 40 гаруй хүнийг тусгаарлах юм байна.
"Айлчлалын үр дүнд цар тахлаас урьдчилсан сэргийлэх, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд гарсан ахицыг бататгана. Мөн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрт түлхэц болно гэж үзэж байгаа.
Түүнчлэн уул уурхайн болон бусад бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний талаар хоёр тал ярилцах шаардлагатай" хэмээн ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар мэдээлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!