“Ковид-19 цар тахлын нөлөөллийг бууруулах хуулийн хүрээнд зохицуулагч байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу валютын гүйлгээнд хязгаарлалт хийгдэж байна” гэх мэдэгдлийг ХААН банк хэрэглэгчдэдээ илгээж буй.
Чухам валютын гүйлгээнд ямар хязгаарлалт хийгдэж буйг хуулийн тайлбартайгаар тодруулан хүргэж байна.
2009 оны долдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх” хэмээн заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, манай улсад дотоодын гүйлгээг зөвхөн төгрөгөөр хийх хуулийн заалттай юм.
Иймд дээрх хуулийн заалтын хэрэгжилтийг идэвхжүүлэх үүднээс Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10.4-т "Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ” хэмээн Төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэж тодотгон заасан байна.
Жишээ нь: Дорж өөрт байгаа долларыг Дулмаад шилжүүлэх шаардлага гарвал доллароо тухайн банкны тухайн өдрийн самбарынхаа ханшаар төгрөг болгож шилжүүлэх боломжтой.
Тэгэхээр иргэд гадаад руу валютаар /доллароор/ гүйлгээ хийхэд асуудалгүй. Харин дотоодод валютаар /доллароор/ гүйлгээ хийхгүй, заавал төгрөгт шилжүүлэн гүйлгээ хийх боломжтойг анхаарах хэрэгтэй.
Валютын гүйлгээнд ямар хязгаарлалт хийгдэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор Хаан банкны лавлах утсаар ажилтантай нь холбогдон асуухад "Хязгаарлалт гэж байгаа нь дотоодын гүйлгээг төгрөгөөр хийхийг дэмжих зорилготой. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль батлагдан журмынх нь дагуу хуулийн хязгаарлалт тавигдсан.
Ингэснээр дотоодод валютаар банк хооронд гүйлгээ хийгдэхгүй байгаа. Зургаадугаар сарын 19-нөөс эхлэн хуулийн зохицуулалттай холбоотойгоор уг хязгаарлалт хийгдэж эхэлсэн. Тодруулбал,
Харин гадаад төлбөр тооцоо хэвийн явагдаж байна” гэж хариулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!