ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15-20 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөжээ

М.Батчимэг, ikon.mn
2026 оны 9 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталжээ. 

Уг тогтоолын төсөл нь нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, улирлын шинжтэй үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор бэлтгэх нөөцийн мах бүрдүүлэх ажлыг тасалдуулахгүй зохион байгуулах зорилготой гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэв. 

Нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 20 аж ахуйн нэгж нийт 11.6 мянган тонн мах бэлтгэх хүсэлтээ Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлээд байгаа юм байна. 

Үүнээс “Хаан” банк болон Худалдаа хөгжлийн банкны зээлийн хорооны шийдвэрээр 7 аж ахуйн нэгжийн нийт 61.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг баталж, 3117 тонн мах бэлтгэхээр хяналтын гэрээ байгуулах шатанд байгаа юм байна.

Түүнчлэн 2 аж ахуйн нэгж арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр бус, өөрийн хөрөнгөөр 1500 тонн мах бэлтгэх хүсэлтээ нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт албан бичгээр ирүүлжээ. Эдгээр аж ахуйн нэгжид Засгийн газраас хариуцан төлөх хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дэмжлэгтэй дүйцэхүйц хэмжээний санхүүжилтийг тооцон олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзжээ. 

Тус тогтоолоор Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээний 2027 оны хаврын махны
нөөцийг бүрдүүлэхэд бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд цахим төлбөрийн баримтын системд үндэслэн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр олгох ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нарт даалгасан байна. 

Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар эргэн төлөлтийн уян хатан хуваарь, барьцаа хөрөнгийн таатай нөхцөл бүхий санхүүгийн эх үүсвэрүүдээр аж ахуйн нэгжүүд богино хугацаанд санхүүжиж, хаврын улиралд хүн амын махны хангамж тогтвортой байх, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа аж. 

БИЧЛЭГ: