Х.Оргил: Озон задалдаг бодис агуулсан хөргөлтийн тоног төхөөрөмжийг мэдэхгүйгээс үүдэн Монгол Улсад импортлох тохиолдлууд гарч байна

П.Сайнжаргал, IKON.MN
50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам (БОУАӨЯ), Озоны үндэсний алба хамтран хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл өглөө. 

Энэ үеэр "Озоны давхарга хамгаалахын тулд озоны давхаргад нөлөөтэй байгаа химийн бодисуудыг хянаж, зөвшөөрлийн тогтолцоонд оруулдаг журамтай" гэдгийг Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн хэлсэн юм. 

Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо ГҮТББ-ын ТУЗ-ын дарга Х.Оргил "Озон задалдаг бодис агуулсан хөргөлтийн тоног төхөөрөмжийг мэдэхгүйгээс үүдэн Монгол Улсад импортлох тохиолдлууд гарч байна. 

Тухайлбал R22 төрлийн хөргөх бодис нь озон задалдаг тул дэлхий даяар энэ төрлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг зогсоосон. Зөвхөн засвар үйлчилгээнд зориулж хөргөх бодисыг тодорхой хэмжээний квоттой оруулж ирж байгаа. Гэтэл үүнийг мэдэхгүй хүмүүс их байна. 

Хөргөх бодис агуулсан тоног төхөөрөмж худалдаж авах гэж байгаа бол Монголын хөргөлт, халаалт агааржуулалтын холбоо болон озоны үндэсний албанаас асууж сураглавал зүгээр байна. Ингэхгүй бол иргэд, Аж Ахуй Нэгжүүд эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй" гэдгийг ярилаа. 

Үргэлжлүүлэн Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн "Озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагааг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч явуулдаг. Үүний үр дүнд дэлхий дахинаа озоны давхарга хамгаалах чиглэлд амжилттай ажиллаж байна. 

Өөрөөр хэлбэл 2011 онд хлорфторт нүүрстөрөгч буюу фреон бодисыг үйл ажиллагаанаас 99 хувь хасаж чадсан. Цаашдаа гидрохлорфторт нүүрстөрөгчит бодисыг 2030 он хүртэл бууруулах дараагийн шатны зорилттой байгаа. Одоо дөрвөн жилийн хугацаа үлдэж байна.

Энэ үйл ажиллагааг зохицуулдаг үндэсний хөтөлбөр бий. НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрөөс баталж өгсөн санхүүжилттэй энэ үйл ажиллагааг явуулдаг" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэн "2011 оноос эхлэн Монгол Улсад гидрохлорфторт нүүрстөрөгчийг үе шаттай бууруулах менежментийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Энэхүү бодистой холбоотой бодлого, дүрэм журам, стандартыг сайжруулах, хөргөлт агааржуулалтын тоног төхөөрөмжийн засварчин, инженер техникчдийг чадавхжуулах, орлуулах технологи ашиглаж сурахад чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулж байна.

Тусгай зөвшөөрлөөр хил гааль дээр озон задалдаг бодис болон тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг хянах үүрэг бүхий тээврийн тусгай алба болох гаалийн байгууллагын гаалийн ажилтнуудыг сургаж, чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. 

Мөн олон нийтийн мэдээлэл сурталчилгааны хүрээнд озон задалдаг ямар бодис хэрэглээнээс гарч байгаа, ямар бодисыг сонгох ёстой талаар бодлогын түвшинд шийдвэр гаргагч нарт мэдээлэл сурталчилгааны ажлыг өрнүүлж буй. 

Дээр дурдсан R22 гэж бодис гуравхан жилийн дараа хэрэглээнээс гарах тул энэ төрлийн бодистой тоног төхөөрөмжийг иргэн, ААН-үүд импортлох оролдлого хийж байгаа нь өөрсдийгөө санхүүгийн эрсдэлд оруулж болзошгүй. Гааль дээр импортлох боломжгүй байгаа гэдгийг мэдэхгүй байгаа нь нэлээд төвөгтэй асуудлыг үүсгэдэг.

Иргэн, ААН-үүд озон задалдаг бодистой тоног төхөөрөмж худалдаж авахгүй байх, сонголт хийхдээ озоны давхаргад ээлтэй буюу уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөхгүй ийм бодистой тоног төхөөрөмж худалдаж авах, хамгийн гол нь чадамжтай мэргэжлийн хөргөлтийн техникч, ААН-ээр засвар үйлчилгээг хийлгэх нь ач холбогдолтой" гэдгийг зөвлөлөө.