О.Цогтгэрэл: ТЭСО компанид хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй. Л.Энх-Амгалан сайд мартаж санадаг өвчтэй бол үзүүлээрэй

Н.Эрхбаяр, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Нам(АН)-ын дарга О.Цогтгэрэл Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан хариу тайлбар өглөө.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авч байгаа юм байна. Нэг нь төрөөс сохор улаан мөнгө ч аваагүй хэр нь яригдаж байхад нөгөөдөх нь АН-ын дарга, ТЭСО-гийн хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авч байгаа нь шударга ёс юм уу. ТЭСО группийн хоёр цэцэрлэг 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна" хэмээн ярьсан. 

Үүний хариуд АН-ын дарга О.Цогтгэрэл "МАН-ын намайг өөрсдийнх шигээ авлигач, хулгайч болгож харагдуулах гэж хичээж байх шиг байна. Амжихгүй шүү гэдгийг чинь юуны өмнө хэлье. О.Цогтгэрэлд болоод ТЭСО компанид хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй. Хувийн цэцэрлэгээс ашиг олдог бизнес байхгүй. Хувийн цэцэрлэг байхгүй учраас улсаас санхүүжилт аваагүй. 

Л.Энх-Амгалан сайдын 2022 оны зургаадугаар сарын 20-нд Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр топ-100 аж ахуйн нэгжийг цуглуулж мэдээлэл хийсэн. Энэ үеэр улсын цэцэрлэгийг дэргэдээ ажиллуулах бололцоог олгож өгөөч гэсэн. Улсын цэцэрлэг байгууллагын дэргэд ажиллахад томоохон аж ахуйн нэгжүүд байр саваар хангаж өгөөч гэдэг хүсэлтийг топ-100 аж ахуйн нэгжид тавьсан. 

Эхлээд Сонгинохайрхан дүүрэгт 55 дугаар улсын цэцэрлэгийн харьяа цэцэрлэг ТЭСО-ийн дэргэд байгуулагдсан. Улсын цэцэрлэгт үнэ төлбөргүйгээр байраа ашиглуулсан. Дараа нь тэр цэцэрлэг татан буугдаад үйлдвэрийн байранд шилжсэнтэй холбогдуулаад Хан-Уул дүүргийн 322 дугаар цэцэрлэгийн харьяа цэцэрлэг одоо шинэ ажиллаж байгаа юм байна. 

Улсын цэцэрлэг учраас эрхлэгч, ажилтын улсаас томилдог. Данс тооцоо нь улсын цэцэрлэгийн дансаар гүйлгээ хийгддэг. Зөвхөн энэ цэцэрлэг ажиллуулахын тулд ТЭСО таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500 сая төгрөгөөр тохижуулсан. Тоног төхөөрөмж, хүүхдийн хоолны аяга тавгийг хүртэл стандартын дагуу ТЭСО үнэгүй ашиглуулж байгаа. 

Ном ёсоор яривал ТЭСО улсаас ашиглалтын түрээсийн зардал авах ёстой. Одоогоор 150 хүүхэд энэ цэцэрлэгт сурдаг. Тал орчим нь компанийн ажилтны хүүхдүүд, тал нь эргэн тойрны оршин суугчдын хүүхдүүд сурч хүмүүждэг.

Л.Энх-Амгалан сайд мартаж санадаг өвчтэй болсон бол үзүүлдэг газар нь үзүүлээрэй" гэв.