Булган, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймаг болон БЗД-т гарсан долоон ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
ОБЕГ

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.09.16) 15:00 цагийн байдлаар Булган, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нийт 7 ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс нэг түймрийг цурманд оруулж, зургаан түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын "Жаргалантын ам" гэдэг газар энэ сарын 15-нд гарсан ойн гал түймрийг мөн өдрийн 16:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна. 

Мөн ОХУ-аас хил давж орж ирсэн Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд бүртгэгдсэн ойн түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийг голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа талаар мэдээллээ. 

Харин Дорнод аймгийн Баянтүмэн сум, Халхгол суманд- 2, нийслэлийн Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан ой, хээрийн гал түймрийн голомтод нийт тухайн аймгийн Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 151 хүн, 27 автомашинтайгаар оролцож байгаа юм байна.