Л.Отгонтуяа: Манай төр зөвхөн цалин, тэтгэвэр тэтгэмж өгдөг болчих гээд байна
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн дүгнэлтээ олон нийтэд танилцууллаа.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа: Төсвийг тэлэх бодлого үргэлжилж байгаа нь төрийн оролцоог огцом нэмэгдүүлэх байдалтай болгож байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зарлагын хэмжээ 37.8 хувь болж өссөн.
Төсвийн зарлагын өсөлтийг татварын орлогоор санхүүжүүлэх боломж бага байгаа. Татварын орлого нэлээд багассан. Төсвийн орлогыг татварын бус орлогоор бүрдүүлж байгаа нь эдийн засгийн бүтцийн гажуудал байна. Төрийн оролцоо барилгын салбарт нэлээд нэмэгдэж байгаа учраас эдийн засгийн бүтцийн гажуудал үүсгэж байгаа үед төсвийг тэлэх нь дунд хугацаанд эрсдэл нэмэгдүүлнэ.
Татварын бус орлого түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Нийт орлого 8.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаагийн 5.4 их наяд төгрөг нь татварын бус орлого юм. Төрийн өмчит компаниуд болон Оюутолгой төслийн ногдол ашгаас орж ирэх орлого уул уурхайгаас хамааралтай учраас төсвийн гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой.
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг төсөвт төвлөрүүлж байгаа нь нэг талдаа төрийн өмчийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлж байна. Оюутолгойгоос ногдол ашиг авах нь төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд гол нөлөөтэй байгаа.
Татварын хуульд орсон өөрчлөлтүүд 2027 оноос хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн өөрчлөлтүүд эдийн засгийг идэвхжүүлж, татварын сууриа өргөжүүлж байна уу гэдэг нь тодорхой бус байна. Татварын хөнгөлөлт чөлөөлөлт багагүй хэмжээнд бий. Энэ бүхэн татварын зардалд тооцогдож явдаг.
Төсвийн зарлага 28.3 буюу маш өндөр хувиар өссөн бөгөөд дийлэнх хувь нь урсгал зардал юм. 2027 онд 43.6 их наяд төгрөгийн зарлагатай байгаагаас 33 их наяд нь урсгал зардал байгаа. Энэ оны нийт зардалтай тэнцэхүйц хэмжээний урсгал зардлыг ирэх онд гаргах гээд байна.
Зарлагын өсөлтийг төрийн өмчит компани болон Оюутолгой төслийн ногдол ашгаас санхүүжүүлж байгаа. Хэрэв энэ компаниуд ашиггүй ажиллавал төсвийн гүйцэтгэлд эрсдэл учруулах нөлөөтэй. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зардлын өсөлт нэлээд өндөр байгаа нь дунд хугацаанд орлого тасарвал зардлаа танах боломжийг хязгаарлана.
Ирэх онд 9.2 их наяд төгрөгийн цалинг 211.6 мянган төрийн албан хаагчдад өгөхөөр тооцсон. Энэ тооцоолол 1.5 их наядаар нэмэгдэж урсгал зарлагын 19.5 хувийг эзэлж байна. Иргэдэд төрөөс олгох урамшуулал тэтгэмж гэдэг зүйл өмнөх онуудад багахан хэмжээгээр өсөж байсан бол ирэх онд 228 хувиар өсөж, 3.3 дахин нэмэгдсэн.
Төсвийн орлого нэмэгдэхээр цалин хөлсөө нэмээд байхаас илүүтэй эдийн засгийн нөхцөл байдал, ажлын гүйцэтгэл, бүтээмжтэй холбож нэмэх бодлого барих хэрэгтэй. Ингэхгүй бол манай төр зөвхөн цалин, тэтгэвэр тэтгэмж өгдөг болчих гээд байна. Цалин тэтгэврийн зардал 2028, 2029 онд ч нэмэгдэнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
