Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Ю.Цэдэнбал агсны нэр төрийг сэргээж, цагаатгах албан ёсны шийдвэр өдийг хүртэл гараагүй тул шүүхэд хандаж байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цагаатгуулах асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон судлаачид мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "31,314 хүн улс төрийн хилс хэрэгт буруутгагдсаныг шүүхээс цагаатгаад байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш шүүхэд ямар нэгэн гомдол авахгүй байхаар зүйлчлэгдсэн. Тиймээс Монгол Улсын төрийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу, шүүхийн шийдвэрээр цагаатгуулахаар өнөөдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж байна.

Эдгээр хүнийг цаг хугацааны хувьд түүх цагаатгасан боловч албан ёсоор шүүхийн шийдвэр гарч цагаатгасан баримт бичиг одоогоор байхгүй байгаа.

2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн байна гэдэг дүгнэлтийг түүхийн бүхий л эх сурвалжуудад үндэслэж тогтоосон.

Мөн Ю.Цэдэнбал, түүний гэргий, үр хүүхдийг тухайн үед мөрдөгдөж байсан Үндсэн хууль, хүний эрхийг хамгаалах тунхаглалын маш олон заалтуудыг зөрчсөн байдаг. 1984 онд гадаадад нутаг зааж цөлөгдөн, долоон жилийн турш гэрийн хорионд байсан, бүх эд хөрөнгийг нь хураасан, гадаад паспорт, тэтгэвэр, тэр байтугай дулаан хувцас, дотуур хувцсыг нь хүртэл хураасан тухай акт баримтууд бий.

Эдгээр хүмүүсийг цагаатгаж байна гэдэг нь төр уучлал гуйж байна гэсэн үг.

Зарим хүн Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цагаатгачихсан гээд байдаг. Гэтэл бодит байдал дээр тэдний бүх гавьяа шагналыг хураасан шийдвэрийг зарлиг гарган буцааж олгосон зүйл байдаггүй" гэдгийг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай хамт эрдэмтэн судлаачид, төрийн бус гурван байгууллагын төлөөлөл мэдээлэл хийсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Ю.Цэдэнбалын гал голомт" төрийн бус байгууллагын тэргүүн Б.Бат-Амгалан "Монгол төрийг хагас зууны турш удирдаж, улс орныхоо хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийн төлөө ухамсарт амьдралаа зориулсан нэрт төрийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарын хувь заяаны асуудал монголчуудын сэтгэлийг сүүлийн 30 жилийн турш огшуулж ирсэн эмзэг сэдэв юм. Ю.Цэдэнбалын төрөл төрөгсөд, төрийн бус байгууллагууд олон удаа төрийн гурван өндөрлөг, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн комисст хандаж ирсэн ч өдийг хүртэл энэ гэр бүлийн нэр төрийг сэргээж, цагаатгах албан ёсны шийдвэр гараагүй байна.

Тиймээс цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс УИХ-ын дэд даргын санаачилгаар шүүхэд төрийн нэрийн өмнөөс хандаж байгаа нь түүхэн ач холбогдолтой юм" хэмээн ярилаа.

Ю.Аюуш: Ах эгч хоёрыг минь цагаатгах ажил явагдаж байгаад талархаж байна

Ю.Цэдэнбал агсны төрөл төрөгсдийг төлөөлөн түүний дүү Ю.Аюушийн охин А.Буянхишиг мөн өнөөдрийн хэвлэлийн хуралд иржээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Ах эгч хоёрыг минь цагаатгах ажил явагдаж байгаад талархаж байна. Хамтран ажиллаж байгаа бүх хүнд талархал илэрхийлье. Санасан бүхэн минь бүтэмжтэй байна гэдэгт итгэлтэй байгаа" гэлээ.

Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хэлмэгдсэнд тооцож, нэр төрийг нь сэргээн цагаатгуулах нэхэмжлэлийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.