Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн дэд төв байгуулах хэсэгчилсэн төлөвлөгөөг танилцууллаа

ikon.mn
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай, “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг танилцууллаа.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хот зургаан дэд төвтэй байхаар тусгасан. Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгаа бол дараагийн ээлжинд Дэнжийн мянга, Толгойт, Дамбадаржаа, Шархад, үүний дараагаар Нисэх, Яармагт дэд төв байгуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Улаанбаатар хотод зургаан дэд төв байгуулснаар нийт 40 гаруй мянган өрхийн амьдрах орчныг сайжруулах ач холбогдолтой юм. Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн дэд төвийн барилгын ажил гүйцэтгэх талбайн хэмжээг баталлаа.

Үүний дараагаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төсөл нь Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон дүүжин зам 4.9 км урт, гурван зогсоолтой шугам болон Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км бүхий гурван зогсоолтой дүүжин зам барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг төслийг гүйцэтгэх явцад захиалагчийг төлөөлөн хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх, ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагаа зохион байгуулах “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨҮГ-ыг байгууллаа.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс