Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Намайг олон улсын гэмт хэрэгтэй холбож гүтгэсэн Э.Цэрэндолгор, Швейцарын сэтгүүлчийг шалгуулахаар болсон"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнөөдөр байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр сүүлийн үед иргэн Э.Цэрэндолгор нэр төрд нь халдсан бичлэг, мэдээллийг сошиал сүлжээнд цацаж байгаад ийнхүү хариу тайлбар хийж байгаа аж.

Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “Сүүлийн хэдэн өдөр Цэнхэр үст Цэрэн, Швейцарын иргэнтэй хамтарч зохион байгуулалттайгаар миний эсрэг олон нийтийн сүлжээгээр тавилттай жүжиг явлаа. 

Өмнө нь 2016 онд дэлхийд байхгүй банкны нэр ашиглан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн яг ийм жүжгээр УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг дайрч, довтолж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Тэр жүжгээ өнөөдөр над дээр ашиглаж байна. Тэр авгай энэ мэт янз бүрийн жүжгээр над руу дайрч байгаад үнэхээр харамсаж байна.

Надад ямар нэг байдлаар хууль бус хийсэн зүйл байхгүй. Түүний гаргаж яриад байгаа баримт нь 2018 оных байсан.

Харин би 2016 оноос хойш Швейцарын прокурорт дөрвөн жил орчим шалгагдчихсан хүн. Түүгээр ч зогсохгүй намайг АТГ, Их Британийн тагнуул, Хонг Конгийн АТГ гэх мэт байгууллага шалгасан.

Өөрөөр хэлбэл, би дэлхийгээр шалгуулчихсан байхад одоо надаас юу хүсээд байгааг ойлгохгүй байна.

Энэ бүх жүжгийн ард байгаа бүх эзнийг, ямар ашиг сонирхолтойг ч мэдэж байна.

Өмнөх парламентад надтай хамт суусан нэг залуу улстөрч үүнийг санхүүжүүлсэн. Үүнд хууль хяналтын байгууллагын удирдлагаар ажиллаж байсан зарим хүний оролцоо ч бий.

Өмнө нь энэ үйл ажиллагааг явуулсан хүмүүс УИХ-ын гишүүн асан С.Баярцогтоос их хэмжээний мөнгө нэхэж байсныг нь мэднэ.

С.Баярцогт одоо үхчихээгүй байгаа тул энэ тухай өөрөө ярина гэдэгт итгэлтэй байна.

Би нэр хүндээ сэргээлгэх зорилгоор олон улсын гэмт хэрэгтэй холбож намайг гүтгэсэн иргэн Э.Цэрэндолгорыг цагдаагийн байгууллагад болон Швейцарын сэтгүүлч эмэгтэйг Швейцарын шүүхэд шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад хандсан.

Дахин хэлэхэд, өмнө нь С.Баярцогтыг шалгах явцад UBS банкан дахь миний дансыг ч шалгасан. Маш олон үйл ажиллагааны давхцал дээр миний бие бүх талаараа шалгагдсан учраас нүүр бардам байна.

Өмнө нь миний хамаарал бүхий байсан компанитай холбож намайг С.Баярцогтод хахууль өгсөн гэцгээдэг. Гэтэл намайг анх 2004 онд уул уурхайн бизнест орох үед С.Баярцогт хэн ч биш байсан.

Өөрөөр хэлбэл, тэр үед С.Баярцогтод хахууль өгөх шаардлага байгаагүй" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “2019 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр миний данстай холбоотой нэхэмжлэлийг цуцаллаа гэсэн Швейцарын прокуророос ирсэн баримт бий. Гэтэл Швейцарын прокурорын өмнөөс Э.Цэрэндолгор хариу өгөөд байгааг би ойлгохгүй нь.

Би өмнө нь 25 жил бизнес хийсэн. Тэр үед гадаадын банкуудад данстай байсан нь үнэн. Гэхдээ 2016 онд УИХ-ын гишүүн болохоос өмнө тэр дансуудаа хаасан, компаниа өөр хүнд шилжүүлсэн.

Мөн "Болд төмөр Ерөө гол" компанийг хөрөнгийн бирж дээр гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.

Тухайн компанийн 49 хувийг Монголын тал, 51 хувийг Хятадын тал эзэмшдэг ч цаашид Монголын тал 51 хувиа эзэмшихээр гэрээнд заасан.

Түүнчлэн би Дорноговь аймагт нэг сантиметр газар ч хятадуудад өгөөгүй. Тийм эрх бүхий хүн нь би биш.

2007-2008 онд С.Баярцогт надаас 8.2 сая доллар зээлсэн нь үнэн ч түүнийгээ хагас жилийн дотор эргүүлж төлсөн.

Миний хэргийг 2019 оны долдугаар сарын 1-нд Нийслэлийн прокуророос хаасан.

Түүнчлэн надад Э.Цэрэндолгорын яриад байгаа шиг бусдын бизнесийг булаах ямар ч сонирхол байхгүй.

"Засаг чандмань Майнз" компанийн эзэн н.Буянтогтох гэдэг хүн нь Дорноговь аймгийн 800 га газрын лиценз эзэмшдэг. Гэвч өнөөдөр түүнийг гадаад, дотоодын банк болон хөрөнгө оруулалтын сангаас 70 сая доллар залилан хийгээд зугтсан учраас интерполоор эрэн сурвалжилж буй.

Миний эсрэг зориуд ийм явуулга хийж байгаад үнэхээр гайхаж байна" хэмээн ярилаа.