Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэгэнт дотооддоо халдвар алдаагүй, сонгуулиа хийж байгаа юм чинь Үндэсний их баяраа хийх нь зөв байх"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын онцгой комиссын мэдээллийн дараа Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн дараах асуултад хариулт өгсөн юм.

-Төрийн албан хаагчдад олгохоор болсон орон сууцны урьдчилгаа төлбөрийг уян хатан нөхцөлтэйгөөр шийднэ гэдгийг тайлбарлахгүй юу. Орон сууцгүй байсан иргэдэд өгөх үү?

-Өмнө нь орон сууц аваагүй, орон сууцгүй хүн байх хэрэгтэй. 

Урьдчилгаа төлбөрийн тухайд үнэхээр төлөх боломжгүй гээд сар сардаа төлөх хэмжээгээ тохиролцвол заавал төл гэж шаардахгүй. Зарим нь боломжоороо урьдчилгаагаа төлөөд сард төлөх дүнгээ багасгамаар байна гэж ч хүсэж болно. Тиймээс энэ бүхэн дээр уян хатан байх юм. 

Худалдан авах орон сууцны талбайн хэмжээгээ тухайн иргэн өрхийн орлогодоо уялдуулаад тооцуулчихна. 

-Төрийн яг ямар албан хаагчдад олгох вэ?

-Байруудаа бэлэн болсны дараа тодорхой болно. Бэлэн байруудыг урьдчилсан байдлаар тогтоосон ч хараахан зарлаагүй байна. Эрүүл мэндийн салбарынхандаа илүү ихийг хуваарилна. Бусад байгууллага ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. 

-Баяр ёслолуудыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэрээ эргэж харах уу?

-Үндэсний их баяр наадам хийх эсэх талаар нэлээд ярьж байгаа. Зарим нь хийж яах юм гэж байгаа бол сонгууль хийж байж ард түмний баяр наадмыг таслах юм биш биз гэсэн маш их санал хөдөө орон нутгаас ирж байна. Өнгөрсөн 99 жилийн түүхэнд Үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй өнжиж байсан удаа байхгүй. Халхын голын байлдаан, Эх орны дайн болж байхад ч Үндэсний баяр наадмаа хийж л байсан юм билээ. Нэгэнт дотооддоо халдвар алдаагүй байгаа тохиолдолд, сонгуулиа хийж байгаа юм чинь Үндэсний баяраа хийх нь зөв байх. Гэхдээ өмнөх шигээ нийтийг хамрахгүй, техник технологийн дэвшлийг ашиглан цомхон байдлаар хийхээр ярьж байна. 

-Энэ сард 2,300 гаруй иргэнээ татаж авна гэж байна. Ирэх долдугаар сард хэдэн хүн авах вэ?

Энэ удаагийнхаас дутуугүй татаж авна. Яагаад гэвэл гаднын улс орнуудаас ирэх хүсэлтэй монгол иргэдийг татаж авах тусам тоо нь нэмэгдэж байгаа. Монголд тайван байгаа учраас эх орондоо ирэх хүсэлт их ирж байна.

-Гадаадын их, дээд сургуульд сургах Засгийн газрын тэтгэлгийг зогсоох уу?

- Улсын тэтгэлгийг зогсооно гэдэг асуудал байхгүй, үргэлжлээд явж байгаа. Сангийн яамнаас өгсөн мэдээллээр шилжүүлэх ёстой 600 сая төгрөгийг шилжүүлээд дуусаж байна гэсэн. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.