Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг сая долларын эмнэлгийн хамгаалах хэрэгслийн тусламжийг АНУ руу онгоцоор хүргэнэ. Буцаад Сиэтл хотоос монголчуудаа авчирна"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Онцгой комиссын 23 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж, үндсэн таван асуудлыг хэлэлцлээ. 

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин болон холбогдох албан тушаалтнууд танилцуулж байна. 

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/728412101292047/

Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин: Өнөөдөр өглөө УОК-ын 23 дугаар хуралдаан боллоо. Тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн. 

1. COVID-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулж, ХӨСҮТ-ийн ачаалал ямар байгааг ярилцлаа. Цаашид олон орноос иргэд ирэхэд бэлэн байдал хэр хангагдаж байгаа талаар болон ажиллах хүч, эмийн нөөцийг авч үзсэн. 

Өнгөрсөн хугацаанд халдвар авсан 194 хүнийг хүлээн авснаас 89-ийг эдгээж, 105 хүнийг эмчилж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцууллаа. 

Халдвар авсан 194 хүний 89 нь ОХУ-аас, бусад нь өөр улс орнуудаас зөөвөрлөгдсөн орж ирсэн. Мөн 17,694 хүнийг шинжилгээнд хамруулжээ. 

Ингээд лабораториудад 17 хүн, нийт 200 гаруй хүн ээлжээр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Эм тарианы 30 хоногийн нөөцтэй бөгөөд N95 маскаас бусад төрлийн зүйл дутагдаагүй гэдгийг хэлсэн. 

Үүнийг харгалзан N95 маскны нөөцийг бүрдүүлэхээр болсон. 

Өнөөдөр Япон улс руу илгээсэн онгоцоор ихээхэн хэмжээний эм, эмийн бүтээгдэхүүнийг авчрахаар тооцоолсон. 

2. Хилийн боомтуудын тухай хэлэлцсэн. Ачаа, тээвэр огт тасалдаагүй. Нүүрс, эрдэс баялгийн экспорт хэвийн хэмжээнд байна. Гашуунсухайтаар гэхэд өдөрт 570 орчим машин гарч байгааг цаашид нэмэгдүүлэхээр ярьж байгаа. Хятадын талтай энэ тухай ярилцаж, асуудлыг шийдвэрлэнэ.

Түүнчлэн эдийн засаг энэ оны хоёрдугаар хасагт хүндэрч магадгүй тул бизнесээ бүх талаар дэмжинэ. Хүнд суртал гаргаж огт болохгүй. Тиймээс долдугаар сард коронавирусээс хамгаалах хуультай холбоотой биш л бол ААН, байгууллагад зэрэгцэж хийгдээд байгаа шалгалтуудыг зогсоох үүргийг өгсөн. Бизнесээ хэвийн явуулахад төрийн байгууллагуудаас давхардаж хийгээд байгаа шалгалтууд ихээхэн төвөг учруулж байгаа. 

"Энэ сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу онгоц нисгэх боломжийг судалж байна"

3. Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон. Энэ нь голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүргэхээр шийдвэрлэсэн. Энэ тусламжийг зургаадугаар сарын 21-нд хүргэж өгөхөөр манай улсаас АНУ руу онгоц нисгэнэ. Уг онгоцоор тус улсаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан иргэдээ татан авах боломж бүрдэнэ. Сиэтл хотоос 250-260 иргэнээ авчирна. Мөн зургаадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Азид байгаа иргэдээ авах нислэг хийх боломжийг судалж байна. 

4. Коронавирусийн халдвартай тэмцэх голомтод буюу өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй алба хаагчдаа орон сууцжуулах ажил эхэлсэн. Үүнд орон сууцаа хамруулах хүсэлтэй аж ахуйн нэгж, барилгуудын хүсэлтийг авна. тухайн байр нь бүрэн гүйцэтгэлтэй, чанарын шаардлага хангасан байх ёстой зэрэг шаардлагуудыг тавина. Уг ажилд хил хамгаалах, тагнуул, гааль, цэвэрлэх байгууламж дээр ажиллаж байгаа албан хаагч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулна.

"Зөвхөн сонгуулиа бодоод, коронавирусийн аюулаа мартаад байна"

5. 2020 оны тавдугаар сарын 27-нд 188 дугаар тогтоолоор сонгуулийн сурталчилгааны явцад мөрдөх журмыг гаргасан. Дэлгэрэнгүй журам бөгөөд мөрдөж болох зүйлүүдийг зааж өгсөн байтал хэрэгжилт хангалтгүй байна. Сурталчилгааны нээлтээс эхлээд л зөрчигдлөө. Журам хэрэгжихгүй байгаа тухай гомдол иргэдээс өдөр бүр ирж байгаа. Өнөөдөр гэхэд 462 гомдол, шаардлага ирсэн. 

Журмын 3.2-т Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдол аливаа уулзалт, арга хэмжээ зохион байгуулах танхим, гадаа талбайд болж байгаа үед хүн хоорондын зай нь 1.5 метрээс багагүй байхыг тусгасан. Гэтэл энэ нь зөрчигдөж байгаа тул онцгой анхаарах хэрэгтэй байгааг сануулж байна.

Зөвхөн сонгуулиа бодоод, коронавирусээ мартаад байна. Цар тахлын тархалт дэлхийд нэмэгдэж байгаа энэ цаг үед Монгол Улсын Их хурлын сонгуулийн сурталчилгааны хугацаанд журмаа сайтар мөрдөхийг бүх нийтэд анхааруулж байна. 

Иргэд нэр дэвшигчтэй гар барих шаардлагагүй. Уулзалт хурлыг зохион байгуулахаас өмнө менежерүүд нь журмаа танилцуулж байж, хурлаа хийх чиглэлийг өгч байгаа" гэв.