Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН өдөр

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр. НҮБ-ын бүх гишүүн орнууд эл өдрийг “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улсад 108.071 хөгжлийн бэрхшээлтэй иргэн /ХБИ/ бий. Өөрөөр хэлбэл, долоон өрх тутмын нэг нь ХБИ-тэй гэсэн үг.

Харин Улаанбаатар хотод 37404 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд 10855 тулгуур эрхтний, 5265 харааны, 6472 сонсгол хэл ярианы бэрхшээлтэй ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ?

Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг “хөгжлийн бэрхшээлтэй” гэж ойлгоно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай ойлголт 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх гэж хууль тогтоомжоор баталгаажигдсан тусгай эрх байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын нэгэн адил иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын бүхий л эрхийг алагчлалгүйгээр эдлэх эрхтэй. Харин эдгээр эрхийг бүрэн дүүрэн эдлүүлэх арга зам нь ялгаатай бөгөөд тусгай орчин нөхцөл, хэрэглэгдэхүүн шаардлагатай юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь нийгмийн халамж, хамгааллын ямар ямар төрлийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй вэ?

  • Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж авах
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр авах
  • Нөхцөлт мөнгөн тэтгэмж авах
  • Тусламж, хөнгөлөлт эдлэх
  • Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдах
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдах
  • Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах
  • Боловсрол, соёл, урлагийн үйлчилгээнд хамрагдах

16 нас хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг ямар байгууллага тогтоох вэ?

  • 16 нас хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг оршин суугаа аймаг, дүүргийн эрүүл мэндийн  байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссоор тогтоолгоно.
  • 16 болон түүнээс дээш насанд хүрсэн иргэний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг ямар байгууллага тогтоох вэ?
  • Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэний хөдөлмөрийн чадвар алдалын хувь, хугацаа, шалтгааныг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.
  • Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг зөвхөн Мэргэжлийн өвчин судлалын төвийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж болох уу?

Болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тохирсон ажил, хөдөлмөр эрхлүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 25 түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв түүнээс дээш хувийн орон тоонд тахир дутуу болон одой хүнийг ажиллуулахаар зохицуулсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулаагүй аж ахуйн нэгж, байгууллага нь улсын төсөвт төлбөр төлөх үү?

Хэрэв 25, түүнээс дээш ажилтантай байгууллагууд нь ажил албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг авч ажиллуулаагүй тохиолдолд төлбөрийг сар бүр улсын төсөвт төлнө. Засгийн газрын тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож тогтоодог.