Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн үүдийг нээе

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 20
iKon.MN
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэлхийн өдөр ирэх сарын 3-нд болно. Эл өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр “Хангарьд” ордонд боллоо.

Харамсалтай энэхүү хэлэлцүүлэг сүржин нэртэй даржин болов. Оролцох ёстой нөлөө бүхий албан тушаалтнууд нь ирээгүйн дээр хаа холоос зорьж ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэлтгэсэн мэдээллийг үзүүлэх техник хэрэгсэл ч байсангүй.

 “Тусгай” гэсэн тодотгол аливаа зүйлийг бусдаас тусгаарладаг, холдуулдаг, нийгэм гадуурхах нөхцлийг бүрдүүлдэг сул талтай

Уулзалтын эхэнд НЗД-ын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай товч нэрэндээ тохирсон товчхон мэдээлэл хийсэн.

Уг нь тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалал” үндэсний чуулганаас хойш хийсэн ажлын талаар тайлагнах байсан ч чихэнд наалдацтай ганц ч өгүүлбэр хэлээгүйд өмнөөс нь ичмээр.

Гэтэл энэ уулзалтад оролцохоор ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нийтийн тээврээр зорчиход тэдэнд ямар бэрхшээл тулгардаг, түүнээс хэрхэн гарч болох талаарх олон улстай харьцуулсан, оновчтой шийдэл бүхий бүхэл бүтэн танилцуулга бэлдээд ирсэн нь хүнд сэтгэл байвал хийж чадахгүй зүйл байдаггүйн жишээг харуулсан юм.

“Түгээмэл төв” ТББ-ын тэргүүн Б.Ундрахбаяр

Хэлэлцүүгийн үеэр “Түгээмэл төв” ТББ-ын тэргүүн Б.Ундрахбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй нийтийн” сэвдээр мэдээлэл хийсэн. Тэрбээр тулгуур эрхтэний бэрхшээлтэй бөгөөд тэргэнцэр дээр суудаг юм.

2010 онд болсон Хүн ам, орон сууцны улсын тооллогоор 108.071 хөгжлийн бэрхшээлтэй иргэн /ХБИ/ бий гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, долоон өрх тутмын нэг нь ХБИ-тэй. Үүнээс 29,4 хувь нь тулгуур эрхтэний гэмтэлтэй буюу тэргэнцэртэй, суга таягтай иргэн байдаг талаар түүний мэдээлэлд дурдагдав.

Харин Улаанбаатар хотод 37404 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд 10855 тулгуур эрхтэний, 5265 харааны, 6472 сонсгол хэл ярианы бэрхшээлтэй аж.

Графикаар:

Улаанбаатар хотод 37404 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг

Тулгуур эрхтэний болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг хамгийн том асуудал нь нийтийн тээврээр зорчих. Өөрөөр хэлбэл, манай улсын нийтийн тээврийн салбар эдгээр иргэдийг ор тас мартсанаас болж, гадагш гарах боломж нь хязгаарлагдсан тэдний дийлэнх нь гэртээ өдөр хоногийг өнгөрүүлдэг байна.

Тэгвэл энэхүү асуудлыг хэрхэн шийдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдын нэгэн адил нийтийн тээврээр зорчих боломжийг олгож болох тухай Б.Ундрахбаяр бэлдсэн мэдээлэлдээ маш дэлгэрэнгүй дурджээ.

Лифттэй автобус

Олон улсын жишгээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нийтийн тээврээр саадгүй зорчих бүх боломжийг нь хангаж өгсөн байдаг байна. Үүний нэг нь лифттэй автобус.

Ийнхүү автобусанд бичил хэмжээний лифтийг шийдэж өгсөнөөр хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа тулгуур эрхтэний гэмтэлтэй иргэд бусдад саад учруулахгүйгээр зорчих боломж бүрддэг байна.

“Non step” буюу шатгүй автобус

“Non step” буюу шатгүй автобусны загварыг та харж байна. Автобусанд бууж, суух хэсгийг ийнхүү шатгүй хийснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай боломжийг олгож байгаа юм. Ингэлээ гээд бусдад  ямар нэгэн саад учруулахгүйгээрээ онцлог.

Өндөрлөгөөтэй зогсоол

Колумба улс тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэддээ туслах үүднээс автобусны зогсоолуудааа ийнхүү өндөрлөгөөтэй, налуу замтай шийдэж өгчээ.

Нийтийн тээвэрт тусгайлсан бэхэлгээ суурилуулах

Дээрх шийдлүүдээс гадна олон улсын нийтийн тээврийн стандартад тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусггай хэсгийг автобусны нэг хэсэгт бий болгож, давхар аюулгүйн бэхэлгээг суурилуулсан байдаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан бэхэлгээтэй хэсэг

Дэлхийн улс орнууд ингэж л хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ анхаар ч, нийтийн тээврээр зорчих боломжийг нь хялбархаан шийдэж өгсөн байх юм. Энд манай дарга нарын хэдэн арван жил ярьсан шиг хэцүү зүйл огт алга. Хэрэгжүүлье гэсэн чинь сэтгэл байхад л хангалттай.

Гэтэл бүхэл бүтэн тусгаар тогтносон Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ганц ширхэг ч автобус байхгүй байгаа нь дэндүү гунигтай.

Тусгай 10 автобус

Нийслэлийн 2014 оны төсвөөс 100 автобус худалдан авч, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх талаар ярьж байгаа. Үүний 10 хувь буюу 10 ширхэгийг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай автобус болгох юм гэнэ лээ. Ингээд бодохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань дурын нийтийн тээвэрт суухгүй өнөөх 10 автобусны нэг нь хэзээ ирэх бол гээд хүлээгээд суух ёстой болох нь. Зундаа яахав хүлээж болдог юм байж. Гэтэл өвлийн хүйтэнд яах вэ.

Ер нь бол “Тусгай” гэсэн тодотгол аливаа зүйлийг бусдаас тусгаарладаг, холдуулдаг, нийгэм гадуурхах нөхцлийг бүрдүүлдэг сул талтайг дээрх хэлэлцүүлэгт оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлж байсан.

Тиймээс тэдэнд зориулсан тусгай нийтийн тээвэр гаргах бус одоо ашиглаж байгаа, цаашид ашиглагдах нийтийн тээвэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих боломж бүхий шийдлийг тусган хийж өгөх нь хамгийн зүйтэй гарц болов уу.

Нийтийн тээвэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчих боломж байгаа талаар Цахилгаан тээвэр компани нааштай хариу өгч дээр дурдагдсан шийдлүүдийг өөрсдийн үйлдвэрлэх автобус, троллейбусандаа шигтгэж өгөхөд ядах зүйлгүй гэжээ. Тиймээс энэ асуудалд төр засаг нь байг гэхэд хотын дарга Э.Бат-Үүл болон бусад холдогдох албаны хүмүүс жаахан анхаарахад л болох нь.