Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

iKon.mn сайт “Үнэний төлөө” шагнал хүртлээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 5 сарын 2
iKon.MN

Жил бүрийн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Глоб Интернэшнл” ТББ-аас олгодог “Үнэний төлөө” шагналын энэ удаагийн эзнээр iKon.mn сайт тодорлоо.

 

Олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлэн олгодог 11 дэх удаагийн “Үнэний төлөө” шагналыг 2018 онд төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гийн нэн хөнгөлөлттэй зээлийг авсан мэдээллийг олон нийтэд ил болгосныг үнэлж ийнхүү олгож байгааг “Глоб Интэрнэшнл” төвийн тэгүүн Х.Наранжаргал тодотгов. 

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn

“Глоб Интернэшнл” төвийг үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Х.Цэвэлээ шагналыг iKon.mn сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяад гардуулахдаа “Би үнэний төлөө энэ насны амьдралаа зориулж яваа хүн. “Үнэн” сонинд 10, “Тоншуул” сэтгүүлд долоон жил ажилласан минь үнэний төлөө тэмцэл байсан. Хүн бүхэн үнэнийг мэддэг мөртлөө үнэнээс айдаг. Энэ бол хүн төрөлхтний зовлон юм. Ийм зовлонг туулсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг шагнаж байгаа нь нэр төрийн хэрэг. 

Үнэн байхгүй бол ардчилал байхгүй. Ардчилал байхгүй бол Монгол байхгүй” хэмээн хэлсэн юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

"Үнэний төлөө" анхны шагналыг 2008 оны долдугаар сарын 1-нийг сурвалжилсан гэрэл зурагчин Б.Бямба-Очир тэргүүтэй найман сэтгүүлчид 2009 онд олгож байсан бол 

2010 онд - Завхан аймгийн "Завхан" сонины эрхлэгч Б.Мягмарсүрэн, "Өглөөний сонин"-ы сэтгүүлч, эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга Х.Намуун-Уянга 

2011 онд - "Өдрийн сонин"-ы Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн албаны хамт олонд болон хүний наймаа, насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгөд ашиглаж байгаа талаар цуврал нийтлэл, сурвалжлага нийтлүүлсэний төлөө эрүүгийн хэрэг үүсгэн прокурорт шилжээд буй "Зууны мэдээ" сонины сэтгүүлч Д.Болормаад

2012 онд - Баянхонгор аймгийн Хонгор телевизийн сэтгүүлч Т.Данаасүрэнд

2013 онд - SBN телевизийн мэдээний албаны сэтгүүлч Г.Батхишиг, зураглаач А.Амарсанаа нарт

2014 онд - ТВ 9 телевизийн "Монгол коммент" нэвтрүүлгийн уран бүтээлчдэд

2015 онд - "Өдрийн шуудан" сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгт

2016 онд - “Mongolian Mining Journal” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Л.Болормаа агсанд

2017 онд - Монгол ТВ-ийн мэдээ болон нийгмийн нэвтрүүлгийн албаны дарга Э.Лхагвад

2018 онд - Ийгл Ньюс телевизийн сэтгүүлч У.Болортуяа нарт тус тус олгож байжээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

2019 оны "Үнэний төлөө" шагнал хүртсэн iKon.mn сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяа "iKon.mn сайт 2018 онд олон нийтийн сүлжээгээр анх гарсан ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнууд нэн хөнгөлөлттэй зээл авсан талаарх баримтыг АТГ-ын цахим хуудас дахь төрийн 35,000 албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй тулгаж, баталгаажуулж, Шилэн данс болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.mn цахим хуудас дахь нээлттэй мэдээллийг шүүж боловсруулах замаар 100 гаруй мэдээллийг ил болгосон билээ.

Нээлттэй болгосон эдгээр мэдээлэл маань Засгийн газрыг огцруулах зургаан шалтгааны нэг болж, хоёр сайд өөрийн саналаар албан тушаалаасаа огцорч, бусад төрийн өндөр албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд одоогийн байдлаар УИХ-ын 50 орчим гишүүнийг мөрдөн шалгаж байгаа билээ.

Бидний харж байгаагаар эдгээр мэдээллийг ил болгосон нь албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэхээсээ иргэдийн мэдэх эрхийг хангаж, иргэд олон нийт ч гэсэн нээлттэй өгөгдлүүд дээр ажиллаж төр засаг, сонгосон төлөөллөө хянах боломжтойг ойлгуулсан явдал гэж бодож байна" гэлээ.  

iKon.mn хэрхэн ажилласан тухай танилцуулга ВИДЕО:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.