Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

iKon.mn "Транспэрэнси Интернэшнл"-ийн "Шударга ёсны төлөө -2018" шагналын эзнээр тодорлоо

ikon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

- Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-н: Олон улсын АВЛИГЫН ЭСРЭГ өдөр -

Ил тод, хариуцлагатай нийгмийн төлөө хувь нэмрээ оруулж, авлигын эсрэг үйлсэд олон нийтийг манлайлан оролцож буй хувь хүн байгууллагыг "Транспэрэнси Интернэшнл Монгол" байгууллагаас энэ өдөр нэрлэж, “Transparency Awards” буюу Шударга ёсны төлөө шагналыг дөрөв дэх жилдээ гардуулав. 

Энэ удаагийн “Transparency Awards 2018” шагналын эзнээр iKon.mn сайтын хамт олон болон ерөнхий редактор Ч.Болортуяа тодорлоо.

 

Ингэхдээ ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын талаарх цуврал нийтлэлээрээ iKon.mn ийнхүү гол шагналын эзэн болсон бол “Transparency Youth” шагналыг “Бид уучлахгүй” цахим жагсаалыг зохион байгуулагч залуус хүртсэн юм.

“Бид уучлахгүй” багийнхан:

 

“Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын Гүйцэтгэх захирал О.Батбаяр “Хэдий бид авлигын эсрэг нийгмийн мэдлэг мэдээллийг дээшлүүлж ирсэн ч авлигын эсрэг олон нийт энэ удаагийнх шиг даацтай, дуу хоолой нэгтэйгээр эсэргүүцэж, хөдөлж байгаагүй. Ийнхүү олон нийтийг хөдөлгөх сэдлийг iKon.mn-ий хамт олон өгч, ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан төрийн өндөр дээд албан тушаалтнуудын талаарх баримтыг дэлгэсэн нь маш зоригтой алхам байсан.

Үүнийг дагаад залуус сайн дураараа цахим хөдөлгөөн хүртэл өрнүүлсэн нь нийлээд Монгол Улсад авлигын эсрэг маш шинэлэг, хүчтэй тэмцэл боллоо” хэмээн тэмдэглэсэн юм.

Ikon.mn ЖДҮХС-г улстөрчид, төрийн өндөр албан хаагчид хэрхэн мөлжиж, хувийн компаниудаараа зээл авч байгаа мэдээллийг АТГ-аас нийтэлдэг төрийн 35 мянган албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэг, Шилэн данс дахь ЖДҮХС-гийн 400 гаруй гүйлгээ болон Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй болгосон 170 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл болон бусад баримтыг харьцуулах замаар олон нийтэд мэдээлсэн болно. 

Үүний үр дүнд өнөөдөр УИХ-ын 14 гишүүн, түүний дотор Засгийн газрын хоёр гишүүнийг зарлаж, мөн төр захиргааны бусад байгууллагын удирдлагуудын ЖДҮХС-гаас авсан зээлийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргээд байна. 

Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Засгийн газрыг огцруулах хэмжээний үйл явц өрнөж, мөн нэг сайд огцорч, нэг сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа бол төр захиргааны хэд хэдэн байгууллагын удирдлагыг албан тушаалаас нь огцруулаад байгаа юм. Бид цаашид энэ талаарх шинэ мэдээллүүдийг олон нийтэд үргэлжлүүлэн хүргэсээр байх болно. 

Видео, iKon.mn хэрхэн ажилласан тухай товч танилцуулгыг үзнэ үү,

Монгол Улс шүүх засаглалын хараат бус байдлаараа 130 орноос 110-т бичигдсэн. Энэ нь “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр зарладаг авлигын индексээр Монгол Улс 2017 оны үзүүлэлтээсээ 16 байраар ухарч, 180 орноос 103-т бичигдсэнтэй шууд холбоотой хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байлаа. 

Шүүх засаглал хараат бус байх хууль эрх зүйн боломж манай улсад дутагдаж байна. Тодруулбал, шүүгчдийг томилдог Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчөөс 100 хувь хамааралтай ийм тогтолцоотой үед Монгол Улсад шүүх засаглал хараат бус байж, авлигатай бүрэн утгаараа тэмцэх боломжгүй хэмээн үзэж байна. Харин хараат бус Авлигын эсрэг шүүхийг байгуулах нь ахиц авчирна хэмээн сүүлийн үед олон улсад дүгнэж байгаа бөгөөд одоогоор дэлхийн 23 орон ийм шүүх байгуулснаар авлигын эсрэг тэмцэх шат ахиж байгааг шагнал гардуулах үеэр онцолсон юм.

“Transparency Awards” анхны шагналыг 2015 онд сэтгүүлч Л.Болормаа агсанд нөхөн олгож байсан бол 2016 онд “Монгол ТВ” телевизийн Мэдээний албаны ерөнхий продюсер Э.Лхагва, 2017 онд эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан нар хүртэж байв. 

Өнөөдрийн арга хэмжээний зургуудаас:

Гэрэл зургийг MPA.mn

 
 
 
 
 
Гэрэл зургийг MPA.mn
 
 
 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.