Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: Надтай холбоотой ярьсан зүйлээ нотолж чадахгүй бол Ц.Нямдоржийг шүүхэд өгнө

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өгөх шаардлагыг ирүүлсэн. Энэ шаардлагыг Үндсэн хууль болон, УИХ-ын тухай хуульд нийцэж байгаа эсэхийг дүгнүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуульд нийцсэн, хуулийн дагуу шаардлага тавих юм бол энэ албан тушаалыг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой. 

Өчигдөр манай МАН-ын III Бага хурал болж өнгөрсөн. Гэхдээ зохион байгуулалттайгаар зарим хүний яриаг нээлттэй олон нийтэд хүргэх ажлыг хийлээ. Гарсан шийдвэр, ярьсан зүйлийг хэвлэл мэдээллийн байгууллагад хүргэдэг уламжлал байсан.

Өчигдрийн хурал нийтэд хаалттай, хэвлэл мэдээллийнхэнийг оруулаагүйд харамсаж байна. Ингэж байгаа нь сүүлийн 20 жилийн дотор болохгүй, бүтэхгүй байгаа бүх юмыг надад наах гэсэн, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан явдал болсон.

Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын хэлсэн үгийг олон нийтэд хүргэсэн. Би тэдэнд тайлбар няцаалт өгсөн. Гэвч миний ярьсан хэлснийг олон нийтэд огт хүргээгүй. Ийм учраас хэдэн зүйлийг хэлье. 

МАНАН гэдэг үзэгдлийн талаар, үүнийг М.Энхболд гэдэг хүнтэй холбож намайг буруутгах зүйлүүдийг Бага хурал дээр ярьсан. МАНАН бол сонгуулийн үр дүнгээр улс төрийн намууд дангаар Засгийн газар байгуулах боломжгүй болсон ч юм уу улс төрийн учир шалтгааны улмаас Засгийн газраа хамтарч байгуулсан үед гаргасан шийдвэрүүдийг зөвтгөх буруутгах байдлаар үүсгэсэн яриа. 

Энэ МАНАН гэдэг нэрийн дор хууль тогтоох байгууллагатай холбоотой иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаатай холбоотой зүйлийг ярьж байгаа. Би 2005 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож тухай үеийн МАХН-ын даргаар ажиллаж байсан. Гишүүнээр томилогдсоны дараа 67-гийн том бүлгийг тарааж, тухайн үеийн МАХН, АН тус тусдаа байх ёстой гэдэг байр суурийг гаргасан. Энэ 67-гийн бүлэг дээр үндэслэж байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж байсан. 

2006 онд би Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газрыг эмхлэн байгуулах нөхцөл байдал үүсэхэд парламентад суудалтай таван намыг багтаасан Эв нэгдлийн гэдэг тодотголтой Засгийн газрын байгуулж ажилласан. Гэхдээ энэ Засгийн газарт АН-ыг оруулаагүй. Би 2017 онд МАН-ын даргын ажлыг хүлээлгэж өгөхдөө МАНАН-гүй ажиллах улс төрийн нөхцөл бололцоог бүрдүүлээд 65 суудалтай, нийслэлд олонх болсон намыг хүлээлгэж өгсөн. Надад  МАНАН-тай холбоотой явдал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 

Хоёрдугаарт, шударга бусын хонгил гэдэг зүйл ярьж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн хүргэнийг Эрдэнэс таван толгой компанийн тендерт оролцуулснаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн. Ингэж эхэлснээр намайг шударга бусын хонгилд оруулж, хэлмэгдүүлж байна гэсэн зүйл ярьж байна.  

Шударга бусын хонгил гэдэг зүйлийг М.Энхболд гэдэг хүнтэй холбоотой гэж байна. Саяхан сошиалд нэг судалгаа хийсэн байсан. Тэр шударга бусын хонгилын түлхүүр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хэнд нь байна вэ гэж. 70 орчим хувь нь Ерөнхийлөгчид, 20 орчим хувь нь УИХ-ын даргад, дөрөв орчим хувь нь Ерөнхий сайдад байна гэж иргэд олон нийт саналаа өгсөн байсан. 

Хууль зөрчөөд түүнийг нь шалгах гэхээр хууль хяналтын байгууллагыг буруутгах байдлаар асуудалд хандах нь буруу. 

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг шалгаж байгаа асуудлын талаар ярьсан. Би нэг ч удаа АТГ-т хэн нэгнийг шалга, битгий шалга гэж хэлж, нөлөөлсөн зүйл байхгүй. Нэгэнт хууль бус байдлаар өөрийн хамаарал бүхий компаниуддаа зээл авсан нь үнэн бол хуулийн байгууллага шалгах нь зүйтэй. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж “Засгийн газрыг огцруулна гэдэг санал өгөх юм бол хэрэг үүсгэж шалгана гэсэн үүргийг УИХ-ын дарга хууль хяналтын байгууллагуудад өгсөн” гэсэн. Би тэр даруйд нь цагдаа, тагнуул, АТГ-т албан бичиг явуулж, тэр байгууллагууд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Тэнд нэг сэтгүүлч Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг ЖДҮХС-тай холбоотойгоор шалгаж байгаа уу гэж асуусан. Гэтэл АТГ-ын албаны хүн хамаарал бүхий компанийг нь шалгаж байгаа гэсэн. Ингэсний төлөө намайг үүрэг даалгавар өгч хэлүүлсэн, нэрлүүлсэн гэсэн зүйл ярьж байгаа. Би ийм зүйл зохион байгуулаагүй. 

60 тэрбумын асуудлыг өчигдрийн Бага хурал дээр ярьсан. Энийг хууль хяналтын байгууллага өмнө нь 3-4 удаа шалгасан. Энд ямар нэгэн байдлаар хөрөнгө мөнгө авч хүнийг томилсон зүйл байхгүй. Тагнуулын Ерөнхий Газарт шалгагдаж байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн өчигдрийн Бага хурал дээр ярьсан зүйлүүд дээр би товч тайлбар өгөх нь зүйтэй гэж бодож байна.   

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудалд намайг оролцсон мэтээр, би хааж, хамгаалаад байгаа мэтээр ярьсан. Би 2016 оны зургаадугаар сарын 23-24-ний үед санаж байна, энэ мэдээллийг бүдэг бадаг сонссон. ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангайг би дуудаж, та Москвад холбоотой, таньдаг мэддэг хүмүүсээс ийм зүйл яригдаад байгаа нь үнэн юм уу, тодруулж өгөөч гэж асуусан. Хангай сайд энэ талаар асуугаад "Ийм яригдсан зүйл байгаа юм шиг байна, тодорхой мэдээлэл алга" гэсэн ийм л мэдээлэлтэй зургаадугаар сарын 28-ныг хүрсэн.

Зургаадугаар сарын 28-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ талаар мэдээлэл хийсэн. Энэ бол сонгуулийн сурталчилгаа дууссан өдөр байсан. Тийм учраас нэр дэвшсэн хүмүүс энэ талаар ямар нэгэн юм ярих нь буруу гэж бодоод штабт ажиллаж байсан, сая хотын даргаа ажиллаж байсан С.Батболдод намын даргын хувьд үүрэг өгч, хэрэв МАН сонгуульд ялалт байгуулах юм бол "Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг шалгаж, үнэн зөвийг нь тогтоож, үнэхээр улсын өмч хөрөнгөөр авсан байдаг бол шалгаж, шийдвэрлүүлнэ гэдэг мэдэглийг олон түмэнд хүргүүлж байсан. 

Дараа нь УИХ Ажлын байгуулсан. Энэ ажлын хэсгийг би өөрөө байгуулсан. Ажлын хэсгийн дүнг УИХ авч хэлэлцсэн, тогтоол гаргасан. УИХ 49 хувийг төрийн өмчид авах, авахдаа 49 хувийг авсан компанийн өмч хөрөнгтэй холбогдсон асуудлаар тодорхой суутгал, тооцоо юмнуудыг хийх, яриа хэлцэл хийж, шийдвэрлэ гэсэн 3-4 заалттай тогтоол гаргасан. Энэ тогтоолыг хэрэгжих ёстой гэж үзэж байгаа. Хоёр ч Засгийн газар энэ тогтоолоо хэрэгжүүлж чадахгүй байгаа. УИХ хэлэлцээр хийж, хэлэлцэж, үнэн зөвийг нь тогтоож энэ асуудлаа шийд гэдэг шийдвэр гаргаж өгчихөөд байхад тогтоолд заагдсан хэлцлийг хийлгүйгээр энэ нь шүүх дээр очиж янз янзын шийдвэр гарч байгаа. Тийм учраас энэ "Эрдэнэт"-ийн 49 хувийг ямар нэгэн байдлаар хамгаалаад хаацайлаад байгаа зүйл байхгүй.

Хоёрдугаарт, ХХБ-ны хувьчлалтай намайг холбоотой мэтээр Ц.Нямдорж өчигдөр ярьсан. Намайг Ерөнхий сайдаар томилогдож ажиллахад ХХБ-ны хувьчлалын асуудлууд шийдэгдчихсэн байсан. Засгийн газар нь шийдвэрээ гаргачихсан, энэ ажил хийгдчихсэн байсан. Тийм учраас би энэ ХХБ-ны хувьчлалтай огт холбоо байхгүй. Энийг өмнө нь Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу төрийн өмчийн байгууллагууд нь тодорхой ажлуудаа хийгээд явсан байсан.   

Намайг мөн Улаанбаатар хотын банкны хувьчлалтай холбоотой мэтээр ярьсан. Улаанбаатар банкийг Улаанбаатар сангийн хөрөнгийн эх үүсвэрээр байгуулсан. УИХ хууль гаргаж, банкны дүрмийн санг дөрвөн тэрбум төгрөг байхад нь найман тэрбум байх ёстой гэсэн хууль гаргасан. Нийслэлийн төсөв болон Улаанбаатар сангаас дахин дөрвөн тэрбум төгрөг гаргаж, Улаанбаатар банкийг хуульд заагдсан хэмжээнд ажиллуулах боломж санхүүгийн хувьд байгаагүй. Тийм учраас Улаанбаатар банк татан буугдаж, нэр бүхий 2-3 хүн тодорхой хувийн хөрөнгийг гаргаж, хуульд заагдсан шаардлагад нийцүүлэн, Улаанбаатар хотын банк гэдэг шинэ банк буюу Улаанбаатар сантай хамарсан банкийг байгуулсан. Тэрнээс хойш энэ банк хувьчилагдсан асуудал бол миний дараа дараагийн ажиллаж байсан хотын дарга нарын үед хийгдсэн ажил байгаа. 

АТГ-ын удирдлагыг намайг томилсон, би удирддаг, миний хүн гэдэг байдлаар ярьдаг. Намайг Улаанбаатар хотод, Засгийн газарт ажиллаж байхад энэ хүн Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Аймаг, орон нутагт ажиллаж байсны хувьд мэднэ. Гэхдээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж өмнөх Парламентын бүрэн эрхийн хугацааны үед энэ хүнийг АТГ-ын даргаар томилуулах хүсэлтээ оруулж ирээд, тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд Хууль зүйн байнгын хороонд цохолт хийгээд, ХЗБХ энэ асуудлыг хэлэлцээд, энэ хүнийг АТГ-ын даргаар томилъё гээд дэмжсэн шийдвэр гарчихсан байсан. 2012-2016 онд ажилласан УИХ бол төгсгөлийнхөө хурлыг ном дүрмийнхээ дагуу хийж чадалгүй бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөж, өнөөгийн УИХ-ын үйл ажиллагаа эхэлсэн.

Ингээд төрийн ажил залгамж шинж чанартай байх ёстой гэдэг үүднээс Байнгын хорооны шийдсэн асуудлыг чуулганаар батлуулсан. Энэ хүнийг чөлөөлөх тухай асуудал сүүлийн үед нэлээд яригдаж байгаа. Хуульд нийцсэн шийдвэр байх юм бол АТГ-ын даргыг чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын чуулганаар оруулахад бэлэн гэдгийг Ерөнхийлөгчид хэлсэн. Харин хуульд нийцээгүй асуудлыг УИХ хэлэлцэх боломжгүй. Одоо Үндсэн хуулийн Цэцээс ямар шийдвэр гарна, түүнийх нь дагуу УИХ хандана. Түүнээс биш, хувь хүний зүгээс хамгаалж, хаацайлаад байгаа зүйл байхгүй гэдгийг хэлье. 

Улсын ерөнхий прокуроруудыг М.Энхболд томилж байсан мэтээр Ц.Нямдорж ярьсан. Д.Дорлигжав ерөнхий прокуророор томилогдоход би намын дарга, УИХ-ын дарга байгаагүй. Би Шадар сайдаар л ажиллаж байсан. Өмнө нь ажиллаж байсан прокурорын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байсан уу гэвэг дуусаагүй байсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч тэр хүнтэй нь ойлголцсон ч юм уу, өргөдлийг нь аваад Дорлигжав гэдэг хүнийг оруулж ирсэн. Харин харамсалтай нь тэр үед бид олонх байсан. Манай намын бүлгийн хурал дээр Дорлигжав гэдэг хүнийг Ерөнхий прокуророор томилох гэж байгаа тухай асуудлыг огт яриагүй. Шууд Байнгын хороо, чуулганы хурлаар ороод энэ хүн томилогдсон.

Дараа нь өнөөдрийн ажиллаж байгаа М.Энх-Амгалан прокурорыг томилсон асуудал. Тэр үед бид цөөнх байсан. Гэхдээ надад өмнө нь Ерөнхий прокурорыг томилоход намын бүлгийн хурлаар ярьж байгаагүй гэдэг энэ асуудлаар олон гишүүн санал хүсэлт гаргадаг юм байна лээ. Ийм учраас энэ хүнийг бүлгийн хурлаар ярих нь зүйтэй. Тэгээд дэмжих эсэх асуудлаа яриад явъя гэдэг саналыг би гаргаж, 26-ийн цөөнхийн бүлэг дээр энэ асуудлыг ярьсан. Зарим нэг гишүүн надаас асууж байсан. Би бол ажил төрлийн хувьд ганц хоёр удаа уулзаж байснаас биш танихгүй гэдгээ хэлж байсан.

Тухайн үед Ц.Нямдорж "Би энэ хүнийг сайн танина. Яахын аргагүй миний бэлдсэн, миний боловсруулсан, энэ ажлыг хийж чадах хөөн. Бид дэмжих нь зөв" гэдэг байр суурийг Бүлгийн хурал дээр гаргаж, томилуулж байсан. Тэр нь одоо протоколд бас байдаг. 

Энэ томилогдсон хүмүүсийг өнөөдөр намайг буруутгах болоод ирэхээрээ бүгдийг нь би томилуулж байсан юм шиг, би удирдаж байгаа юм шиг ингэж ярихыг би шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байгаа. 

Мөн өчигдөр Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Сингапурт байхад нь Т.Бадамжунай гэдэг хүнийг араас нь очуулаад Х.Баттулга Ерөнхийлөгчийг нэрийг нь дэвшүүлэх асуудлыг тохирсон, энийг М.Энхболд өөрөө захиалсан гэж ярьсан. 

Би Т.Бадамжунай гэдэг хүнийг Сингапур руу явуулж, Х.Баттулга гэдэг хүнтэй уулзуулж байсан удаа, тохиолдол байхгүй. Ер нь хүний хувьд Ерөнхийлөгчийг тухайн үед янз бүрийн асуудалд ороод байх үед нь асууж сураглаж, болж өгвөл дэмжих юмсан гэдэг байр сууринаас хандаж байсан хандлага бол байгаа. 

Уул уурхайн салбарын олон лиценз, будлиантай байгаа энэ асуудлуудын талаар мөн Бага хурал дээр надтай холбож ярьсан. Надад өнөөдөр уул уурхайн нэг ч лиценз байхгүй. Манай гэр бүл, үр хүүхдүүдэд ийм лиценз байхгүй. Би харин уул уурхайн салбарыг эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, хамгийн сүүлийн үеийн технологиор Монголд ээлж дараа, эрэмбэтэй хөгжих ёстой гэдэг байр суурьтай байдаг.

Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын ДНБ-ий 5-аас дээш хувийг үйлдвэрлэж бий болгож магадгүй гэж үзсэн 49 орд газрыг стратегийн орд газар болгоё гэдэг саналыг УИХ-д өргөн барьж байсан. Харин УИХ, УИХ-ын даргаа Ц.Нямдорж ажиллаж байхдаа тэр 49-ийг 15 болгон баталж өгч байсан. 

Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн ордыг ашиглах гэрээний төслийг боловсруулж, 2007 оны дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьж байсан. Миний өргөн барьж байсан гэрээ өнөөдрийн гэрээнээс хамаагүй илүү гэрээ байсан.

  • 34%-д хүүгүй
  • 34%-ийг Монголд дивидент олгосон хойно нь тэр өгөөжөөс төлбөрөө хийх
  • 2007-2011 онд 2.8 тэрбум доллараар гүний уурхайг барьж, байгуулах
  • 2011 оноос эхлээд гүний уурхайг барьж байгуулахгүй бол 67%-ийн татварт тэр дөрвөн жилийн хугацааны олборлосон орлого дээр нь нөөц ашигласны төлбөрийг тавих
  • 95 хүртэл хувьд нь Монголын ажилчид ажиллах
  • 21-р зууны уул уурхайн салбарын жинхэнэ нарийн мэргэжлийн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 100 залууг бэлдэх
  • Оюутолгой, Тавантолгой хоёрын дунд 80 орчим мянган хүнтэй хот байгуулах гэсэн олон зүйлийг багтаасан гэрээг өргөн барьж байсан. 

Би 2015 онд Тавантолгойн орд газрыг ашиглахаар Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-аар оруулахгүйгээр шийдэх гэж байсан асуудлыг тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд дээр орж, уг асуудлыг УИХ татаж үзэх нь зүйтэй, олон жилийн нөөцтэй, стратегийн орд гэж хэлж байсан. Яагаад би ингэж хэлж байсан гэхээр Чалкогийн гэрээг тонныг нь 70 доллараар 10 жилийн хугацаатай худалдаалах гэж байгуулсан гэрээг 2012 онд УИХ цуцалсан. Тиймээс УИХ энэ асуудлыг ямар ч байсан авч үзэх ёстой гэж үзэж, "Би гарын үсэг зуръя, УИХ-ын дэд арга Л.Цогоор зуруулъя, та зур, Р.Гончигдорж даргаар мөн зуруулъя" гээд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гэрээний төслийг УИХ-д татаж авч, зогсоож байсан. 

Энэ мэтчилэнгээр ярих юм бол уул уурхайн салбарын үр ашгийг дээшлүүлэхийн төлөө л чи ажиллаж байсан болохоос биш, өчигдрийн Ц.Нямдоржийн ярьж байсан шиг олон лиценз цуглуулчихсан ийм хүн бас биш ээ. 

... Өчигдрийн хурлын үеэр намын дарга надтай уулзсан. Хоёулхнаа зөвлөх ярих зүйл байна гээд. Нэгдүгээрт, намайг өргөдлөө өг гэсэн. Үүнийг хуулийн дагуу шийднэ. Хоёрдугаарт, хоёулаа өргөдлөө өгвөл яасан юм бэ гэсэн. Гэхдээ энэ бол зөвхөн бид хоёрын дунд үлдэнэ гэсэн. Би таны ажил албан тушаалтай барьцалдаж зууралдаад байгаа зүйл байхгүй гэсэн. Гэхдээ харамсалтай нь намын дарга маань ингэж ярьснаа өөрөө дэлгэсэн.  

Мөн надтай холбоотой ярьсан зүйлээ нотолж чадахгүй бол Ц.Нямдоржийг шүүхэд өгнө. 

Сүүлийн зургаан сарын турш над руу янз, янзын л дарамт ирж байгаа. Намынхаа нэг залуутай сөргөөцөлдөөд яахав гэж бодоод би тэвчээртэй хандаж байгаа" хэмээн ярилаа.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төрийн албыг наймаалцаж байхад та яагаад дуугүй байсан юм бэ? 

-60 тэрбумын схемд орооцолдсон зүйл байхгүй. Намын дарга байхад сонгуулийн санхүүжилт зэрэгтэй холбоотой олон зүйл яригддаг. Гэхдээ үүнээс бүтэх нь цөөхөн, бүтэхгүй нь олон байдаг. 

-40 гишүүн гарын үсэг цуглуулж таныг огцрохыг шаардаж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ? 

-40 гишүүн гарын үсэг зурсан. Гэхдээ өнөөдөр хуулийн хүрээнд үндэслэлтэй байна уу, үгүй юу гэдгийг тогтоохоор Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороог хуралдтал Их хурлыг удирдахгүй гэдгээ мэдэгдсэн.  

Буулт хийх, ойлголцох зүйлийг өчигдөр ярьсан. Намайг Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурж, хүлээж авсан гэсэн. Би гишүүний хувиар гарын үсэг зурсан. Их хурлын даргын хувиар хүлээж авсан. Би хуулийн дагуу УИХ-ын даргаар томилогдсон. Мөн хуулийн дагуу чөлөөлөгдөнө.

Хэвлэлийн хурлыг бүтнээр нь үзэх: