Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Харааны бэрхшээлтэй иргэд EPUB форматыг ашиглах боломжтой боллоо

О.Булган, iKon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Дэлхийн оюуны өмчийн байгууллага 2014 онд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим ном, хэвлэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Accessible Books Consortium (ABC)-ыг байгуулжээ.

АВС нь Марракешийн гэрээний хэрэгжилтийг дэмжих хүрээнд цахим хэвлэлийн хүртээмжтэй формат, холбогдох стандарт, зөвлөмжүүдийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг аж.

Тэгвэл манай улсын "Хараагүй хүмүүсийн инноваци хөгжлийн төв" нь уг байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотноо хүртээмжтэй “EPUB” форматын ном бүтээх цахим хэвлэлийн олон улсын сургалтыг энэ сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.

Энэхүү олон улсын сургалтаар дамжуулан номын сангийн салбарт цахим хэвлэлийн хүртээмжтэй "EPUB" форматыг нэвтрүүлснээр өндөр технологийн шийдлээр богино хугацаанд ном хэвлэлийг хүртээмжтэй форматад оруулж, цахим ном хэвлэлийн сан хөмрөгийг баяжуулахад өндөр ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байлаа.

 
Гэрэл зургийг: mpa.mn

"Хараагүй хүмүүсийн инноваци хөгжлийн төв"-ийн тэргүүн М.Цэнгэл "Улаанбаатар хотын төв номын сан хүртээмжтэй ном, хэвлэлийг бүтээдэг олон улсын "Daisy" стандартыг 2010 онд нэвтрүүлээд байсан юм.

Тэр үеэс одоог хүртэл харааны бэрхшээлтэй иргэд тус стандартын дагуу брайль номоор үйлчлүүлдэг байсан бол энэ удаагийн сургалтын хүрээнд илүү хүртээмжтэй "EPUB" форматыг сургалтанд хамрагдсан байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой болно гэсэн үг юм.

Ингэснээр олон улсын стандартад нийцсэн ном хэвлэлийн фондыг бий болгож, ийм төрлийн номын тоо, хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон талын өндөр ач холбогдолтой гэдгийг онцолмоор байна. 

"EPUB" формат нь зөвхөн хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан формат биш бөгөөд дэлхий нийтийн цахим хэвлэлийн номыг голчлон бүтээж буй формат юм. Харин харааны бэрхшээлтэй иргэд тус форматыг технологийн шийдлийн тусламжтайгаар ашиглан, ном унших боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм" гэлээ.

Энэхүү сургалтад Энэтхэг улсаас "Daisy Consortium” байгууллагын мэргэжилтэн уригдан орж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон номын сангийн салбар байгууллагуудын төлөөлөл хамрагдаж байгаа юм.

Сургалтад:

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газар, 
  • Хараагүйчүүдийн үндэсний холбоо,
  • Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай дунд сургууль,
  • Монгол улсын үндэсний номын сан,
  • МУИС-ийн номын сан,
  • МУБИС-ийн номын сан,
  • СУИС-ийн номын сан,
  • Дорнод аймгийн нийтийн төв номын сан зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна. 

Одоогийн байдлаар манай улсад харааны бэрхшээлтэй иргэд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн брайль болон цахим номын сангаар үйлчлүүлдэг ба Монголын томоохон номын сангуудад тэдэнд үйлчлүүлэх хүртээмжтэй цахим ном, хэвлэлийн сан хөмрөг хангалтгүй түвшинд байдаг ажээ.