Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

25 сургуулийн 150 сурагчийг хамарсан Elite MUN амжилттай болж өндөрлөлөө

ikon.mn
2018 оны 11 сарын 20
Сурталчилгаа

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль EliteMUN буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын загвар хуралдааныг энэ сарын 17, 18-нд амжилттай зохион байгууллаа. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү загвар хуралд нийслэлийн зарим дунд сургуулиудаас гадна Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул аймгаас нийтдээ 150 сурагч НҮБ-ын гишүүн орны төлөөлөгчийн статустайгаар оролцож, өдгөө дэлхий дахин тулгамдаад буй томоохон сэдвүүдээр хэлэлцжээ.

Оролцогч сурагчид НҮБ-ын дэргэдэх дараах таван салбар байгууллагуудад хуваагдан тус бүрдээ тодорхой сэдвийн хүрээнд чуулан илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Үүнд:

  • UNESCO (НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага)-д хамрагдсан хүүхдүүд “Чанартай боловсролоор дамжуулан орон нутгийн хөгжлийг хангах нь”; 
  • UNFPA (НҮБ-ын Хүн амын сан)-д харьяалалтай сурагчид “Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх нь”;
  • UNSC (НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл)-д орсон төлөөлөгчид “Хойд туйлын бүс дэх газар нутгийн маргаан”;
  • UNDP (НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр)-д орсон төлөөлөгчид “Ой мод устгах нь цаг агаарын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж байна вэ”;
  • UNICEF (НҮБ-ын Хүүхдийн сан)-д харьяалалтай төлөөлөгч хүүхдүүд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг сайжруулах нь” гэсэн сэдвүүдээр тус тус чуулсан билээ.

НҮБ-ын Элит загвар хурал эхний өдөр “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн байранд болсон бол хоёр дахь өдөр нь Ерөнхий Ассамблейн чуулга уулзалт “River beach” соёл амралтын газар “Энхийг сахиулагчдын ёс бус үйлдэл, зөрчилдөөнийг шийдвэрлэх нь” сэдвээр өрнөсөн юм. Энэ үеэр оролцогч хүүхдүүдээс сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.

“Model UN миний англи хэлний чадварыг маш сайжруулсан”

Налайх дахь Монгол-Германы хамтарсан сургуулийн I дамжааны оюутан Г.Төгөлдөр:

 

Энэ миний оролцож байгаад 10 дахь загвар хуралдаан. Эхний тавд нь төлөөлөгчөөр орж байсан бол дараагийн тавд нь удирдагч, зохион байгуулагчаар оролцсон бөгөөд “Элит MUN”-ы энэ удаагийн хурлаар НҮБ-ийн Хүний эрхийн хороог удирдсан.

Энэхүү загвар хурал нь дэлхий дахинд юу болж байгааг ойлгоход тустай байдаг. Би бусдад туслах маш их дуртай. Тиймээс оролцож байгаа бусад хүүхдүүдэд юу хийх талаар нь тайлбарлан тусалдаг. MUN хурал миний англи хэлийг маш их сайжруулсан. Мөн дипломат хэллэг сурч, улс орнууд, тивүүдийн нарийн ялгааг ойлгож авсан.


“Заавал НҮБ-ын ажилтан болохгүйгээр сургуульд сурч байхдаа ч дэлхийн асуудлаар хуралдах боломжтой”

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Молор:

 

Би хоёр дахь жилдээ Elite MUN-д арын албаны ажилтнаар оролцож байна. Манай сургууль олон нийтийн өмнө ярих чадвар хөгжүүлэх, хүмүүстэй танилцах, хамтарч ажиллахад дэмжсэн арга хэмжээнүүдийг байнга зохион байгуулдаг. Тэдгээрийн нэг болох Elite MUN сурагчдыг өөртөө итгэлтэй болох, дэлхийн хэмжээний асуудлуудыг таньж мэдэрч, шийдэл гаргахад тустай байдаг. Хамгийн гоё нь бид заавал төгсөөд НҮБ-ын ажилтан болохгүйгээр сургуульд сурч байхдаа дэлхийн асуудлаар ийнхүү хуралдах боломжтой. Энэ нь цаашид бидэнд давуу тал болж, их сургуульд ороход тодотгол болж өгдөг. Мөн хүүхдүүдийг маш сайн хөгжүүлдэг.


“Дэлхийд тулгамдаж байгаа бодит асуудлуудаар өөрсдөө судалгаа хийж ажилладаг тул давхар мэдлэг мэдээлэл өгдөг”

“Ulaanbaatar British school”-ийн 12 дугаар ангийн сурагч Б.Энххүслэн:

 

Би сургуулиа төгсөөд олон улсын харилцааны чиглэлээр суралцахаар төлөвлөсөн учраас MUN загвар хурлуудад аль болох алгасалгүй оролцохыг эрмэлзэж байна. “Elite MUN”-д бол анх удаа орж байна. Өмнө нь орж байсан загвар хурлуудыг бодоход зохион байгуулалт маш сайтай, даргалж байгаа хүүхдүүд нь чадвартай санагдлаа. Би UNESCO-ын гишүүнээр оролцож байна. Дэлхийд тулгамдаж байгаа бодит асуудлуудаар өөрсдөө судалгаа хийж ажилладаг тул давхар мэдлэг мэдээлэл өгдөг. Бидний сэдэв болох “Орон нутаг дахь боловсролын системийг сайжруулах нь” хэмээх асуудал ихэвчлэн явдуу буурай, хөгжиж буй орнуудад тулгамдаж байгаа тул би хөгжингүй орнуудыг төлөөлж буйн хувьд хэрхэн туслах вэ гэдэг тал дээр илүү ажилласан. Хэдийгээр бодит байдал дээр энэ нь түвэгтэй асуудал ч бид судалгаан дээр тулгуурлаад илүү бодитой аргаар шийдвэрлэхийг хичээсэн.


“Англи хэл мэддэггүй ч гэсэн оролцох хэрэгтэй”

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 8а ангийн сурагч Ч.Сэцэнгүн:

 

Би “Elite MUN” загвар хуралд анх удаа орж байна. Олон хүмүүсийн дэргэд ярьж сурах, дэлхийн асуудлууд ямар байгааг мэдэхээр оролцсон. Маш гоё санагдлаа. Хүүхэд бүр тус тусдаа улс орныг төлөөлж, бусад улс оронтой нэгдэж асуудлыг шийдвэрлэхээр оролддог. Би Англи улсыг төлөөлсөн. Одоогоор бидний хэлэлцэж байгаа асуудал нь Итали, Норвеги, ОХУ-ын хамтран байгуулсан “Спектор” хэмээх бүлгийн тухай. Энэ бүлэгт маш аюултай зэвсэгтэй байгаа бөгөөд тэр зэвсгийг хурааж авах талаар ярилцсан.

Энэ хуралд би дахиад оролцоно гэж бодож байгаа. Хүүхдүүдэд англи хэл мэддэггүй ч гэсэн оролцох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Яагаад гэвэл хэлний түвшин сайжирна. Хүмүүсийн өмнө илтгэх чадварт суралцана. Ер нь улс орнуудын талаар мэдлэгтэй болсон байхад том болоод тэр орондоо очиход хэрэг болно шүү дээ.


“Ямар ч мэргэжлээр суралцах байсан хамаагүй нийгэмтэй харилцах харилцааг үнэхээр сайн дээшлүүлж өгч чаддаг”

“Дархан Эмпати” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч К.Арман:

 

“Elite MUN”-д анх удаа оролцож байна. Зохион байгуулалт их сайтай, дасгалжулагч нар нь үнэхээр чадвартай байлаа. Энэ загвар хурал хүүхэд ямар ч мэргэжлээр суралцах байсан хамаагүй нийгэмтэй харилцах харилцааг үнэхээр сайн дээшлүүлж өгч чаддаг. Олон улсын харилцаан суралцана, хэрхэн албаны ёсны хэллэгээр ярих тал дээр үнэхээр сайжирдаг. Анх би Эрдэнэтийн MUN-Д оролцож байсан. Анхны хурал дээр хүн болгон сандардаг.

Би ЮНЕСКО-гийн салбар хуралд Сири улсыг төлөөлж оролцож байна. Сири улс маань иргэний дайнтай, түвэгтэй улс. Энэ улсад боловсролын чанарыг хэрхэн сайжруулах тухай хэлэлцлээ.

Би эмч болно гэж боддог. Гэхдээ ямар ч мэргэжилтэй болох байсан, ялангуяа гадагшаа явж сурах гэж байгаа хүүхдүүдэд анли хэл маш чухал. MUN загвар хуралд оролцоход англи хэл маш их сайжирдаг. Мөн үе тэнгийн хүүхдүүд өөрсдийгөө яаж хөгжүүлдгийг мэдэж авсан.


“Бүх талаараа маш их хөгжсөн”

Нийслэлийн 84-р сургуулийн 12а ангийн сурагч У.Энхжавхлан:

 

MUN-д долоо дахь удаагаа оролцож байна. Энэ удаа UNICEF-ийн хорооны даргаар ажилласан. Анх би яг жилийн өмнө MUN-д оролцсон. Үнэхээр аймар байсан. Зүв зүгээр сууж байтал нэг хүүхэд ирээд миний төлөөлж байсан улсыг доромжилсон. Тэгэхэд би юу ч хэлж чадаагүй. Сайн ойлгох ч үгүй, өөрийгөө ч хамгаалж чадаагүй. Яг тэр үеэ бодвол одоо би англиар чөлөөтэй ойлгож, ярьж чаддаг болон. Мөн шүүмжлэлт сэтгэлгээ, хувь хүн гээд  бүх талаараа маш их хөгжсөн.

Англи хэлийг сургуульдаа яг үнэндээ бараг сураагүй. Дүрэм хараад, хэдэн үг уншаад л суудаг байсан. Харин MUN-д ороод мэдэхгүй зүйлсээ уншиж судлаад, эргэн тойронд хүүхдүүд англиар ярьсаар байгаад нэг мэдэхэд л сурчихсан байсан.


“Үнэхээр сайн санаачилга гарвал НҮБ-ын хурлаар хэлэлцдэг”

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 12-р ангийн сурагч М.Хэрлэн:

 

Би TEDx, Debate болон Монголын нийгмийн талаарх сайн дурын ажилд идэвхтэй оролцдог. Ялангуяа, сургуулийнхаа зохион байгуулж буй арга хэмжээнд байнга ордог. Төгсөх анги учраас бидэнд туршлага хэрэгтэй.

Өнөөдрийн манай “Elite MUN” загвар хурлын ач холбогдол нь дэлхий дээр байгаа том асуудлуудыг хувь хүн гэдгээрээ биш, улсыг төлөөлж яаж шийдэх аргыг нь олдог. Тэр шийдлээ жинхэнэ НҮБ-рүү явуулдаг. Үнэхээр сайн санаачилга байвал НҮБ-ын хурлаар хэлэлцдэг. Бид өөрсдөө ч маш их хөгждөг. Тиймээс хүүхдүүд оролцож байгаарай гэж хэлье.

MUN буюу Model United Nations загвар хурлыг Монголд 2015 оноос зохион Монгол дахь НҮБ-ын төлөлөгчийн газар, НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хороотой хамтран зохион байгуулж иржээ. Тухайн үед зөвхөн хувийн сургуулиудын сурагчид оролцдог байсан бол өдгөө орон нутгийн төлөөлөл ч ирж оролцох болсноор нэлээд өргөжжээ.


НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Elite MUN”-ийн координатор, “Ub Post” сонины сэтгүүлч Р.Ундаръяа

 

“Сурагчид дэлхийн асуудлууд болон олон улсын харилцааны талаар суралцдаг нь энэ хурлын нэг том ач холбогдол юм. Хүн болгон НҮБ-ын ажилтан болохдоо биш, нийгмийн төлөө ажиллах ирээдүйн хүмүүсийг чадавхжуулж байгаагаараа онцлог. Нөгөөтэйгүүр олон нийтийн өмнө гарч ярих, зөвшилцөх, өөртөө итгэлтэй байх, судалгаа хийх гээд олон чадварыг сайжруулдаг” хэмээн ярилаа.

Тэрбээр 17 удаагийн MUN-д оролцож, наймыг нь зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн “Elite MUN”-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажилласан юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.