Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Баяртсайхан: Монгол Улсад анхны цахим мөнгө гаргах зөвшөөрлийг олгож байна

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанк Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адилтгах үнэ цэнэ бүхий бэлэн бус төлбөрийн хэрэгслээр тооцогдох Candy “Цахим мөнгө гаргах” тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Мобифинанс ББСБ-д өнөөдөр албан ёсоор гардууллаа.

Цахим мөнгийг гаргаж байгаа явдал бол төлбөр тооцооны системд шинэ үзэгдэл болж байгаа

Арга хэмжээний үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Өнөөдөр Монголын банкны системд тэмдэглүүштэй, сайхан үйл явдал тохиож байна. Энэ бол Монгол Улсад анхны цахим мөнгө гаргаж буй явдал юм. УИХ-аар үндэсний төлбөрийн системийн хууль батлагдсан. Ингэснээр Монгол Улсад цахим мөнгө гаргах хууль эрх зүйн орчин бүрдсэн.

Үүний дараа Монголбанкнаас бид цахим мөнгөний журам гаргасан. Урд нь төлбөрийн системд зөвхөн Монголын арилжааны банкнууд оролцдог байсан бол одоо финтек дээр суурилсан аж ахуйн нэгж байгууллага, компаниуд оролцох боломж бүрдсэн байна. 

Энэ дагуу олон газраас хүсэлт ирснээс бид судалж үзээд анхны цахим мөнгө гаргах зөвшөөрлийг Мобифинанс компанид олгох шийдвэр гаргаж, өнөөдөр ёслолын ажиллагааг хийж байна. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдрийн бидний амьдарч буй үеийг эрдэмтэн, судлаачид цахим эрин зуун хэмээн нэрлэж байгаа. Өнгөрсөн зуун бол аж үйлдвэрийн зуун байсан. Харин одоогийн цахим зуунд Монголчууд бид дэлхийн хөгжлөөс хоцрох ёсгүй. Дэлхийн улс орнууд цахим мөнгөтэй болж байна. Бид ч мөн одоо цахим мөнгөтэй болох ёстой гэж үзсэн.

Бусад улс оронтой харьцуулахад Монгол жижиг орон, манай эдийн засгийн хүчин чадал харьцангуй даруухан. Гэхдээ л бид бусдаас хоцрох ёсгүй. Түүнчлэн Монгол хүний амьдралд тус болж байгаа, хэрэгтэй, шинэ зүйлийг Монголбанк дэмжих ёстой. 

Цахим мөнгийг гаргаж байгаа явдал бол төлбөр тооцооны системд шинэ үзэгдэл болж байгаа. Монголчууд бидний амьдралд шинэ аяс, салхийг авчирна гэдэгт би итгэлтэй байна. Ийм учраас Монголбанк өнөөдөр цахим мөнгөний зөвшөөрлийг олгож байгаа юм. Мобифинанс компани анхдагчийн хувьд хариуцлагатай ажиллана гэдэгт бид бүрэн итгэлтэй байна" гэлээ.

"Гар утас нь цахим мөнгөний орчинд түүхийн шинэ хуудсыг нээж байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамада "Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн дэлхий даяар цахим шилжилтэд орж байна. Зөвхөн мэдээлэл технологийн салбарт биш, бусад бүх салбар энэхүү цахим шилжилт рүү орж байна. 

Энэхүү чиг хандлагын дагуу Мобиком групп ч мөн өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дижитал технологиор дамжуулан илүү түргэн шуурхай, найдвартай хүргэх үүрэгтэй. 

Энэ жилээс Мобиком групп хэрэглэгчдийнхээ амьдралд илүү ухаалаг үнэ цэнийг бүтээх уриатай ажиллаж байна. Энэхүү уриан дор бид зөвхөн уламжлалт үүрэн холбооны үйлчилгээг үзүүлээд зогсохгүй, цаашид хэрэглэгчдийнхээ амьдралд илүү үнэ цэнэ өгөх үйлчилгээг үзүүлэх зорилготой ажиллана. 

Одоо бидний амьдралд гар утас бол зөвхөн ярихад зориулагдсан зүйл биш болсон. Шинэ технологи үүсэж хөгжсөнөөр гар утсаар маш олон үйлчилгээг үзүүлж, ашиглах боломжтой болоод байна. Гар утас нь цахим мөнгөний орчинд түүхийн шинэ хуудсыг нээж байна" гэв.

Candy нь анх зөвхөн Мобикомын хэрэглэгчдэд зориулагдан бүтээгдсэн урамшуулал олгох лояалти хөтөлбөр байсан бол өдгөө Монгол орон даяар аль ч операторын хэрэглэгч ашиглах боломжтой цахим мөнгө болж байгаа юм.  Мөн Үндэсний төлбөрийн системд Монголбанкаар баталгаажсан цоо шинэ төлбөрийн хэрэгсэл болж байна.