Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Багш нар 300 мянган төгрөг авахгүй, 30-ны өдрөөс хугацаагүй АЖИЛ ХАЯНА

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос хугацаагүй ажил хаялт зарлахаар болсон талаар өнөөдөр мэдэгдэл хийлээ. 

УИХ-ын 2017 оны төсвийн тодотголд багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагын хариу арга хэмжээ болгож төрийн албаны ажилтнуудад нэг удаа 300 мянган төгрөгийг тараахад шаардлагатай 55 тэрбум төгрөгийг суулгахаар хэлэлцэж байгаа билээ.

Уг шийдвэрийг эсэргүүцэж, багш нар энэ сарын 30-ы өдөр буюу ирэх Даваа гарагт хугацаагүй ажил хаялтыг эхлүүлэхээр болсон байна. Энэ талаар Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

Төрийн албан хаагчдыг 300 мянган төгрөгөөр амыг нь таглах арга хэмжээ авч байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Б.Бат-Эрдэнэ "Багшийн цалин нэмүүлэх түр хорооны зүгээс тэмцлийг эхлүүлээд 78 хонолоо. Энэ хугацаанд шат шатныхаа байгууллагад тодорхой шаардлагыг тавьж, цалин хөлс нэмэгдүүлэн, бидний нийгмийн баталгааг хангахыг хүссэн мэдэгдлүүдийг өгөөд тодорхой хэмжээнд ажилласан. Гэхдээ бид өнөөдрийг буюу Гурван талт хэлэлцээр эхлэх хүртэл итгэж найдаж байсан. 

Гэтэл Гурван талт хэлэлцээрийн түвшинд нийт төрийн албан хаагчдыг 300 мянган төгрөгөөр амыг нь нэг удаа таглах ийм л арга хэмжээ авч байна. 

Үүнд бид эсрэг байр сууртай байгаа. Монголын багш нар энэ мөнгийг авахгүй. Бидний цалин хөлс нийгмийн халамжийн асуудлыг анхаарч, энэ асуудлыг шийдэхгүй бол энэ сарын 30-ны өдөр буюу, ирэх Даваа гарагаас хугацаагүй ажил хаялтыг хийнэ" гэлээ.

Мөн асуудал шийдэгдэхгүй тохиолдолд улс төрийн тэмцэлд шилжиж, өлсгөлөн зарлахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн юм. Одоогийн байдлаар 1,000 гаруй багш нар өлсгөлөнд нэгдэх хүсэлтээ өгчээ.

Монгол Улсын Засгийн газар мянган багшаа хайхрахгүй хаялаа
 

Цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Н.Мөнхтуяа "Бидний тэмцэл үр дүнгээ өгнө гэдэгт итгэл дүүрэн байна. Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 40 мянган багшаа хайхрахгүй хаялаа. Энэ жагсаал яваандаа үндэсний хэмжээний хувьсгал болох магадлал өндөр байна.

Засгийн газар дүлий байж болохгүй. Багш нарын асуудлыг яаралтай шийдэхгүй бол Монголын боловсрол хүнд байдалд орно. Бидний асуудлыг яаралтай шийдсэн бол өнөөдрийн байдалд хүрэхгүй байлаа.

Бид гурван сар тэвчиж, хүлээсэн. Үйлдвэрчний эвлэл гэх бидний эрх ашгийг хамгаалдаг байгууллага биднээс нүүр буруулж, Засгийн газрын талд ажиллаж байна. Тиймээс МҮЭХ-г харж суулгүй, зөвхөн багш нарынхаа үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу тэмцэнэ" гэсэн юм.

Багш нар Гурван талт хэлэлцээрээр 300 мянган төгрөг олгохыг зөвшөөрсөн гэдэг нь худлаа мэдээлэл
 
Гэрэл зургийг mpa.mn

Цалин нэмэгдүүлэх түр хорооны удирдах зөвлөлий гишүүн А.Санжмятав "Улсын гурван талт хэлэлцээрийн хүрээнд багш нарын саналыг сонсож, 300 мянган төгрөг олгохыг зөвшөөрсөн гэх худал мэдээлэл тараасан. Багш нарын зүгээс цалинг 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. 

Манай улс халамжийн үйлчилгээгээр бэлэн мөнгө тараасан тохиолдол хэд хэд байгаа ч өнөөдрийг хүртэл ард түмний амьдрал дээшилсэнгүй. Энэ нь манай улсын халамжийн бодлого буруу байгааг харуулж байгаа юм.

Засгийн газар алдаагаа ойлгохгүй, дахин алдаад байгаа учир багш нарын тэмцлийг улам бүр хурцатгаж байна. Сайдад хандаж хэлэхэд, багш нарын цалинг 2017 оны төсвийн тодотголоор батална гэчхээд, яагаад эсрэг байр суурьтай байна вэ? Бид үнэхээр гайхаж байна. Бид боловсролын үнэлэмж, багш нарын үнэлэмжийг нэмэгдүүлэхийг шаардаж байна" гэлээ.