Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн албанаас 22,235 иргэн халаа сэлгээнд өртөж, 14,000 нь ажлаасаа халагдсан байна"

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 20
iKon.MN
 

“Тогтвортой ажлын байр” ТББ-аас хууль бусаар ажлаасаа халагдсан 30,000 хүний эрх ашгийг хамгаалах талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

2016 оны УИХ-ын сонгуулиас хойш 22,235 мэргэшсэн төрийн албан хаагч ажлаасаа халагдаж солигдсон тоо байна.

Тухайлбал, 2016 онд л гэхэд аймаг бүрээс 350-700 гаруй албан хаагч, Нийслэлийн хэмжээнд төрийн захиргааны төв байгууллага болон яамдаас 10 мянга гаруй албан хаагч хууль бус халаа сэлгээнээс болж ажлаа хүлээлгэн өгчээ.

Энэ халаа солионд Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хууль бусад хууль тогтоомжийн дагуу тавигдах шаардлага шалгуурыг ханган мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай 25-55 насны төрийн албан хаагчид өртсөн байна.

 

“Тогтвортой ажлын байр” ТББ-ын тэргүүн Н.Тэгшбаяр “Өнөөдөр төрийн алба төрлийн алба болсон байна. Ар, өврийн хаалгаар ажил албан тушаалд очдог болж.

Зээлээ төлж чадахгүй, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй цаашлаад энэ байдал хэм хэмжээгээ алдлаа.

Хэдхэн сарын дараа төрөх гэж байгаа эмэгтэйг, хэдхэн хоногийн дараа тэтгэвэрт гарах гэж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулсан хүнийг ажлаас нь халчих юм.

Энэ бүгдийн эрх ашгийг бид хамгаалах болно” хэмээв.

 

В.Уранчимэг “Бид ажлаасаа халагдсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зорилготойгоор эвлэлдэн нэгдсэн. Төрийн албанаас 22,235 иргэн халаа сэлгээнд өртөж, 14,000 албан хаагч ажлаасаа халагдсан байна.

Бидний хийсэн судалгаагаар ажлаасаа халагдсан иргэдийн 42 хувь нь байрны зээлтэй, 89 хувь нь цалингийн зээлтэй, 58 хувь нь хүүхдийн сургалтын төлбөртэй, 15 хувь нь бусад өр зээлтэй гэсэн тоон үр дүн гараад байна.

Эдийн засаг, сэтгэл санааны хүнд дарамтад орсон 14,000 иргэний эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлагатай байна” гэв.

Халагдсан иргэдийн хохирлыг цалингийн дундаж хэмжээгээр тооцвол сард 5,000 өрх 10 гаруй тэрбум төгрөгийн өрхийн орлогоо алджээ.

Албан тушаалын авлигын золиос болж, ажлаас халагдаж, амьдралын баталгаагүй болсон иргэдийг нэгдэж, эрхээ хамгаалахыг уриаллаа.