Торонто хотын амьтны хүрээлэнд төрсөн монгол тэмээний ботгыг Зориг гэж нэрлэжээ
Канад Улсын Торонто хотын амьтны хүрээлэн 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр монгол тэмээний ботгонд Зориг (Zorig) хэмээх монгол нэр өгөх арга хэмжээ зохион байгуулав.
Торонто хотын амьтны хүрээлэнгээс Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яаманд хандан тус хүрээлэнд төрсөн ботгонд монгол нэр өгөхөд хамтран ажиллах хүсэлт тавьсны дагуу тус ЭСЯ монгол тэмээчидтэй зөвлөлдөж, холбогдох нэрсийн саналыг хүргүүлээд байсан билээ.
Эдгээрээс тус амьтны хүрээлэн Зориг нэрийг сонгон канадын ан амьтан сонирхогчид, хүүхэд багачууд, монгол иргэдийн төлөөллийг байлцуулан энэхүү нэрээр ботгыг нэрлэх болсноо зарласан юм.
Элчин сайд Э.Сарантогос тус арга хэмжээнд цахим мэндчилгээ дэвшүүлж, Торонтогийн амьтны хүрээлэн дэх монгол тэмээ манай хоёр орны найрамдал, нөхөрлөлийг бататган ойртуулсан бэлгэ тэмдэг болж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Мөн Зориг ботго эрүүл бойжиж, олон канад хүүхдэд Монголын байгаль, нүүдэлчний өв уламжлал, соёл, ахуйг танилцуулах эхлэл нь болоосой хэмээн хүслээ.
Торонто хотын амьтны хүрээлэнгийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Долф ДеЖонг Монголын тэмээчдийн санал болгосон нэр дэлхийн нөгөө талд орших Торонто хотноо ийнхүү цуурайтах болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
