Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Уянга: Ерөнхийлөгчийг огцруулах 50 гаруй үндэслэл байсан ч 12 үндэслэлийг сонгон танилцуулж байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN

Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлийг зарлан мэдээлэл хийж байна.

Хэвлэлийн бага хурлыг iKon.mn шууд дамжуулж байна.

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

https://www.facebook.com/iKonNews/videos/593371947515044/

ТТЭНН-ын дарга Г.Уянга "Сар гаруйн өмнө мэдээлэл хийж байсны дагуу бид өнөөдөр Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлийг танилцуулж байна.

Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлүүд:

Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийг хууль бусаар хувьчилсныг зохион байгуулсан. Хууль бусаар хувьчилсныг хаацайлж байгаагаараа Ерөнхийлөгч зохион байгуулагч гэдгээ баталж байна.

Хоёрдугаарт, Улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан Ж.Каплад Ерөнхийлөгч уучлал үзүүлж хууль зөрчсөн. Гэмт этгүүдэд уучлал үзүүлснээр Үндсэн хуулийг зөрчсөн юм.

Гуравдугаарт, Ерөнхийлөгч Рио Тинто компаниас байр авсан нь авилгын шинжтэй байна. 2012 онд Ерөнхийлөгч Брой хаус хотхоноос 7 тоот байрыг 36,396,000 төгрөгөөр хувьдаа хүлээн авчээ. Үүнийгээ Оюу толгой Олон улсын дэмжлэг үйлчилгээний оношоор гэсэн заалтаар хүлээн авсан байсан. Энэ баримтыг шалгах ажлыг хууль хяналтын байгууллага өнөөг хүртэл хийгээгүй байна.

Дөрөвдүгээрт, 2011 оны дөрөвдүгээр сард Рио Тинто компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг төрийн бус байгууллагад 3 сая ам.доллар хүртэлх хэмжээний хандив цуглуулах арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан нь авилга байж болох талтай.

Тавдугаарт, Найз Роберт Пэйнтэрд Монголын мөнгийг зувчуулсан байж болзошгүй. Оюу толгой компанид зөвлөгөө авахаар төсөвт 17.5 тэрбум төгрөг суулгаж, найз Роберт Пэйнтэр болон түүний эхнэрийн эзэмшлийн хуулийн компанид шилжүүлсэн байна.

Зургаадугаарт, санхүү эдийн засгийн хүндрэлээ тооцолгүй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд дааж давахгүй дарамт учрууллаа.

Долоодугаарт, Байнга төвийг сахих бодлого гэгчийг дур мэдэн зарлаж Монгол Улсын гадаад бодлогод хохирол учруулсан. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-тай зөвшилцөлгүй дур мэдэн дэлхий дахинд зарласан нь манай улсын гадаад бодлогыг гажуудалд орууллаа.

Наймдугаарт, МУ-ыг нэгдмэл биш холбооны улс болгох бодлогыг баримталж байна. Монгол Улс нэгдмэл биш аймгуудын холбооны улс болох гэж байна.

Есдүгээрт, Давхар дээлийг анх бий болгосон. Ерөнхийлөгч ерөнхий сайдаар ажиллах байх үедээ анх удаа давхар дээлийг санаачилж, ҮХ зөрчин ЗГ-аа бүхэлд нь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байсан.

Арав, Ухаалаг төр гэгчээр төрийг хүчгүй болгох бодитой алхам хийсэн.

Арваннэг, Ерөнхийлөгч жил бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой. Гэтэл 8 жилийн хугацаанд ганц удаа УИХ-д ажлаа тайлагнасан.

Арванхоёр, Эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байна.
Дээрх үндэслэлүүдийг удаан хугацааны туршид хэлэлцсэний үндсэн дээр гаргаж тавилаа. 50 гаруй үндэслэл байсан ч энэ 12 үндэслэлийг сонгон танилцуулж байна" гэв.

"Хууль шүүхийн байгууллага хэрхэн ажиллахыг харах үлдэж байна"

 

"БНСУ-ын Ерөнхийлөгч найзаараа хэлэх үгээ хянуулсныхаа төлөө огцорч байна. Тэгвэл Монголд Ерөнхийлөгчийг огцруулах талаар ярихад нохой хуцсаны чинээ тоохгүй. Тиймээс эдгээр үндэслэлүүдийг гарган танилцуулллаа. Хууль шүүхийн байгууллага хэрхэн ажиллахыг харах үлдэж байна" хэмээн ТТЭНН-ын дарга Г.Уянга хэллээ.