ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр МАЛЧИД, маргааш НҮҮДЭЛЧИН СОЁЛ

Б.Халиун, iKon.mn
2016 оны 8 сарын 11
iKon.MN

Монголчууд феодализмаас социализм, социализмаас ардчилал, хөдөөнөөс хот руу, хотоос технологи-дижитал эрин рүү нүүнэ. Зарим нь цаг хугацаатай өрсөн нүүж байхад, заримыг нь амьдрал нүүхээс өөр аргагүй болгосоор.   

Мэдээллээс хол малчид боломжийн гадуур үлдэж байна 

Үхэр тэргээр усандаа явж, мориор хонио хариулдаг байсан Завхан аймгийн Алдархаан сумын малчин Ч.Нарантуяа шөнийн 3 цагт поргоноо жолоодон Булганы Сансар сууринд орж ирлээ. Зам дагуух цайны газруудын жолооч нарт зориулсан “наар” буюу унтдаг ортой хэсэгт очиж хоёр цаг нойр авах гэсэн боловч зай байхгүй тул унталгүй цааш давхилаа. 

Тэр 14 жилийн өмнө зудаар малгүй болж эхнэртэйгээ хотод ирж Нарантуул зах дээр наймаа хийн шинэ амьдралаа эхлүүлсэн юм. Нараа жолооны дамжаанд явж машин унахыг сурсан ба одоо Поргоноороо зун жуулчинд явдаг, өвөл Завхан Улаанбаатар чиглэлд хот хоорондын тээвэр хийдэг. 

Нараа өнгөрсөн зун хөдөө жуулчинд явж байхдаа зүрхний шигдээс болжээ. Эмч нар түүнийг дахиж ингэж олон цаг нойргүй явж болохгүй гэж хэлсэн боловч Нарантуул зах шатахад эхнэрийнх нь зардаг бөс даавуу лангуутайгаа байхгүй болж энэ жил орлого тааруу байгаа учраас шөнө ч хамаагүй давхих хэрэгтэй болжээ. 

 

Ч.Нарантуяа “Гаднаас нь харахад хөдөө амьдрал хүнд шүү. Малтай бол яахав, малчид нэг үеэ бодоход сайхан амьдарч байна. Харин сумын төв дээр амьдардаг хүмүүст ажил олдоггүй, архидалт их. Нэг гэрийн хоёр хүн хоёулаа ажилтай байна гэсэн ойлголт байхгүй.” 

Төрж өссөн Богдын гол, Отгонтэнгэр уулынхаа бэлд дахин очин малаа маллаж амьдрах юмсан гэж тэр боддог ч хотод босгосон амьдралаа орхиод явах одоо амар биш. Тэрээр хашаандаа өөрийнхөө гараар барьсан байшиндаа эхнэр охинтойгоо амьдарч байна.   

Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багын малчин эмэгтэй Б.Должин өнгөрсөн өвлийн зудаар 200 гаруй хонь ямаа, 50 гаруй үхрээ алдсан ч цаана нь 500 гаруй мал байгаа тул хот явахдаа тулах вий гэж огт бодож үзээгүй гэнэ.  

Б.Должингийнх гурван машинтай, өнгөрсөн жил энэ өвөлжөөг худалдаж авсан ба малаа хоёр хуваагаад аав нь хуучин өвөлжөөндөө, харин эгч дүү хоёр шинэ өвөлжөөндөө өвлийг давжээ.  

 

“Манай нутагт тэмээ өсгөх хэрэгтэй гэж аав минь хэлдэг юм. Зудаар тэмээ, морь үрэгддэггүй юм байна. Өөрсдөө туурайгаараа цас малтаад хоолоо олоод идчихнэ” гэж Б.Должин ярилаа. Гэвч Монголчууд ноолуурыг нь зарахын тулд ямаа, мах сүүний зорилгоор үхэр, хонь өсгөж байна. Харин уналга, тээврийн зорилгоор өсгөж байсан тэмээ, морийг машин орлоно. 

Дүү Б.Нансалмаа 37 настай, хөдөө үлдсэн амьдралаа өнгөрөөхийг хүсэхгүй байгаа ба хот явъя гэж боддог эсвэл хүүхдүүдээ хотод амьдруулах хүсэлтэй ажээ. 
Хотод өртөг өндөр, бага цалинтай бол амьдрал хүнд гэдгийг Нансаа сайн мэдэж байгаа учраас тас шийдэж чадахгүй байгаа бололтой.

 
Нансаа өвөлжөөнөөс хүрзэн гаргаж байна. Өвөлжөөн дэх хонь ямаа, үхрийн баас нэмэгдсээр дагтаршин зузаан болохыг хүрзэн гэнэ. Хүрзэн нүүрс шиг их дулаан ялгаруулдаг учраас өвөл түлж болгож хэрэглэдэг.

Гэхдээ л уулын мухарт, ямар ч нийгмийн амьдралгүй, хэдэн малын дунд амьдралаа өнгөрөөж яах юм гэж ярьж байсан юм. 

Завханы хойд талын сумдад цас их орж 5 сар хүртэл өвдөг давсан өндөр цастай байсан учраас трактор, тэмээ хоёроос өөр унаа явах боломжгүй байв. Эгч дүү хоёр бүтэн өвөл хаврын турш сэтгүүлч би болон миний найз зурагчин япон эмэгтэйгээс өөр хүн хараагүйг сонсоод залуу хүн малчин байхад уйтгартай гэдэг нь мэдрэгдэнэ.  
Нансаагийн гурван хүүхэд малчдын хүүхдүүдийн адил сумын төвд дотуур байранд амьдарч сургуульд сурдаг.  

“Сургуулийн хүүхдүүдийг хамгийн их ажилтай, нойргүй хонодог хавар амрааж харин ажил багатай зунаар хичээлд явуулах хэрэгтэй байгаа юм. Сургуульд сурсан хүүхдүүд малд дургүй, телевиз үзээд хэвтэх дуртай болдог юм байна” гэж Б.Должин хэлсэн юм.   

 

Улаанбаатарынхан эдийн засаг ярьж, аймгуудын засаг дарга нар цахилгаан станц, засмал зам нэхэхээс өөр юм ярих сөхөөгүй явсаар 26 жил өнгөрөхөд нүүдэлчин соёл иргэншил болон үүнийг тээж яваа малчид хэдий хүртэл тэсэх вэ гэдгийг ярих цаг болжээ.   

Монголчуудад мал маллах ухаан, үржил шимт өргөн уудам бэлчээрээр баян тул хөдөө аж ахуй орон болох боломжтой. Хүн амын тоо, газар нутгийн хувьд Монголтой нэн төстэй Шинэ Зеланд улс Хятадад мах, жимс, ногоо экспортолж уул уурхайгүйгээр дэлхийн хамгийн аз жаргалтай орны нэг болоод байна.   

Мал, малчин байхгүй бол нүүдэлчин соёл гэж байхгүй. 

Эгэл жилийн малчин эмэгтэй Б.Должин аялгуу сайхан Монгол хэлээрээ (огт харь үг хэрэглэхгүй) урсган ярих нь яг л шүлэг зохиол уншиж байгаа мэт сонсоод л баймаар сайхан.
Та хот явья гэж боддог уу гэж асуухад үгүй, нутаг маань эзгүйрчихнэ гэж хариулсан юм. 

Монгол хүний зочломтгой, тусч, сониуч, нутаг усаа хайрлан нандигнах үндэсний бахархлыг төрөлх хэлтэй нь хамт малчид л тээж явна.  
Харамсалтай нь малчдад гэгээрэл авчирч, хөгжүүлэх учиртай зарим төрийн үйлчилгээ өнөөдөр эсрэгээрээ малчдын амьдралын онцлогт сайн нийцэж өгөхгүй сөргөөр нөлөөлж байна. 

Зургаан настай хүүхдийг сургуульд оруулдаг болсноос хойш эхнэр нь хүүхдүүдтэйгээ хамт суманд амьдарч, нөхөр нь малаа хараад үлддэг болж гэр бүл салах,  Малчин залууст эхнэр олдохгүй байна, үеийнх нь охидыг хот явуулдаг учраас. Мөн малчид бизнес менежментийн мэдлэг олгох хэрэгтэй байна. Малчдыг хоцроох ёсгүй гэж амьдралд нь тулгарч байгаа бэрхшээлүүдийг залуу малчдын чуулганд ирсэн малчид тодорхой өгүүлсэн билээ.

“Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ-ын Боловсролд тэгш хамрагдах хөтөлбөрийн менежер О.Саранцэцэг:

“Нүүдэлчдийн онцлогт тохирсон боловсролын систем байна гэвэл малчдад илүү ойртох хэрэгтэй. Багуудын ач холбогдлыг сэргээж тэнд сургууль байгуулах нь зүйтэй байх. Эсвэл ажил багатай зун юм уу, өвлийн ид хүйтнээр ч юм уу эрчимжүүлсэн хөтөлбөрөөр хичээллэдэг байж болно.”

С.Баасанбат Архангай аймагт малчны гэрт төрж өссөн боловч эрийн цээнд хүрэхэд гэр бүл нь малгүй болжээ. Аймгийн төвд ажил байхгүй, Налайхад ирж хувиараа нүүрс олборлох болжээ.Түүнийг малчин болгохын тулд огт сургуульд явуулаагүй ажээ.  

 

"Налайхад ирээд амьдрал дээрдсэнгүй дээ. 4 мянгатай буух өдөр байна. Метаны хийд хордож бие муутай болсон болохоор ихэнхи мөнгөө эрүүл мэнддээ зарцуулахаас өөр аргагүй байна" гэж тэрээр дөлгөөхөн инээмсэглэн ярьсан юм. 

Сурсан ганц мал маллах эрдмээ хотод ашиглаж чадахгүй, боловсрол эзэмшээгүй түүн шиг хуучин малчин залуус л Налайхад ирж, амь насаараа дэнчин тавин нүүрс ухаж байна.  

 

Эрдэм сургаад хотын хүн болгох эсвэл огт сургахгүй малчин болгох гэдэг хоёр сонголтын дунд Монголын нүүдэлчин соёл дэнжгэнэж байгаа ч юм шиг.  
90-ээд оны дараа малчид эрэгтэй хүүхдээ сургуулиас гаргаж малчин болгож эхэлсэн ялгаварлан гадуурхалт Б.Баасанбатад ингэж тусжээ. 

Нөгөө талаас нүүдэлчин соёлыг тээж яваа малчид хорогдсоор хүн амын 65% нь нийслэлд суурьших болсон байна. 
Баасанбат өөрийгөө шилжилт өөрчлөлт надад хатуу тусаж байна гэж бодохоосоо илүү амьдралын бэрхийг яаж давж туулж гарах тухайгаа бодож бясалгадаг бололтой. 

Алсын удирдлага киноны найруулагч С.Бямба:

Тэс өөр соёл, амьдралын хэв маяг учраас хотод ирсэн хөдөөнийхөнд мэдээж хэцүү байгаа. Гэхдээ миний харж байгаагаар яг энэ цаг мөчид тэд нар энэ тухай бодож амжих ч үгүй явж байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Технологи үүнд нөлөөлж байна шүү дээ. Гэхдээ нүүдэлчид асар их тэсэж үлдэх, дасан зохицох чадвартай, амь зуух инстинкт нь хүчтэй хүмүүс.  

Мал аж ахуйг хөгжүүлэх нь соёлоо хадгалах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих гарц 

Бэлчээрийн мал аж ахуй бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа. Тиймээс малчдад өөрийгөө хөгжүүлэхэд нь үндэс болох сайн боловсрол, бизнесээ өргөжүүлэх, малынхаа ашиг шимийг бүрэн хүртэж орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, хөдөөд ажлын байр бий болгох, цаашлаад бэлчээрийн оновчтой менежмент болон нийгмийн амьдралд оролцуулах хөгжлийн цогц бодлого шаардлагатай байна. 

Австрали улс хонины нэхийн гутлаар харин Шинэ Зеланд ямааны сүүгээр хийдэг гоо сайхны бүтээгдэхүүнээр алдартай. Хонины сүүл, сарлагийн сүү зэргээр арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Лхамур” брэнд ямааны сүүгээр саван хийж эхэлсэн юм. 

Даваадоржийн Хулан, Лхамур брэндийг үүсгэн байгуулагч:  

Шинэ Зеландын ямааны сүүг, Монгол ямааны сүүтэй харьцуулшгүй. Монголын ямаа бэлчээрийн сор ургамлуудыг нь түүж иддэг адтай амьтан. Монголчууд ямааг ноолуурыг нь авах гэж сайн өсгөдөг ч сүүг нь ашиглаж чадахгүй байна” гэж ванны бөмбөлөг хийх сургалтын үеэр ярьсан юм.

Бэлчээр бол ноос ноолуур, нэхий, арьс шир, сүүн болон махан гээд олон төрлийн органик бүтээгдэхүүн гардаг асар том үйлдвэрлэл юм. 

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд асан Ц.Оюунгэрэл

“Хөгжил гэдэг үйлдвэржилт огт биш. Хүмүүсийг байгаа нутагт нь мянган жил тогтвортой идэх хоолтой, амьдрах орон гэртэй, дуулж бүжиглэх зугаа цэнгэлтэй нь амьдруулдаг агуу зүйлийг соёл гэдэг. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтод нүүдэлчин соёл заавал байх ёстой гэж би үздэг.” 

Должин, Нансаа хоёртой хамт хэд хоноход нүүдэлчид байнга нүүдэг учраас хогшил хураадаггүй бас малаас юу ч хаядаггүй, Монгол бол “хог хаягдалгүй, минималист-байгальд ээлтэй” соёлтой юм гэдгийг нэг хотын охин гэнэт ойлголоо.     

Найруулагч С.Бямба: 

“Амьгүй мэт харагдах байгалийг хайрлах хайр нүүдэлчдийн яс маханд суучихсан учраас хүнийг хайрлах, бусдыг хайрлах хайр амархан гардаг. Европчууд энийг шашнаар дамжуулж хүчээр суулгадаг бол нүүдэлчдийн амьдралын энгийн инстинкт болчихсон байдаг.”  

Энэ өвөл их гарз амссан ч гэсэн “Мал газрын хорхой шүү дээ, хүн үрэгдээгүй бол болоо” гэж аавынхаа хэлдэг үгийг бодож Б.Должин сэтгэл нь амардаг ажээ.

Гэрэл зургийг Мадока Икегами


 

Өгүүллийг Баярцогтын Халиун

 
 
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [124.158.78.2] 2016/8/18
Уул уурхай л биднийг тэжээнэ гэж ярих болж. Гэтэл тэрнээс ч өмнө монголыг тэжээж, өнөөг хүргэсэн амин зуулга бол мал аж ахуй шүү. Мал байхгүй бол Монгол сөнөөнө. Одоо ганцхан нүүдлийн мал аж ахуйн ашиг шим болсон түүхий эд, бүтээгдэхүүнийг зөв менежментээр дэлхийд гаргах шаардлагатай байна.
0 | 0 Хариулах
Малчин удамт [27.123.214.87] 2016/8/12
"ДАЯН ДЭЛХИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ХӨДӨӨ АЖ АХЙУН ӨВ ГАЗАР" ГЭДЭГТ БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙГАА БҮРТГҮҮЛЖ АВЧ ҮЛДЭХГҮЙ БОЛ УУЛ УУРХАЙ ГЭДЭГ МАХНЫ МАШИНД МАШИНДУУЛААД МӨХӨХ НЬ ЭЭ!!! Олон зууны турш монголчуудын амьжиргааны эх үүсвэр болсон байгаль цаг уурын шалгарлыг даван туулсан экологийн жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн өгдөг өсөж үрждэг шавхагдашгүй нөөц баялаг болох уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа үндэсний баялаг өв болгон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагад “Даян дэлхийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн өв газар”-гэж бүртгүүлэх ажлыг яаралттай хийх хэрэгтэй байна. Үүний тулд.Монголын газар нутгийн ихэнхийг улсын бэлчээрийн нутаг болгон тогтоож дэлхий дахинд зарлаж хамгаалалтанд оруулах, тэнд зөвхөн бэлчээрийн мал аж ахуйг л эрхлэх, эзэмшил тогтоохгүй байх , эрдэс баялагийн салбар оруулахгүй байх, улсын мэдэлд байлгах хуультай болох шаардлагатай байна. Дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчин соёл иргэншлээ ямар нэг хэмжээгээр авч үлдэх нь хүн төрөлхтөний өмнө Монголчуудын хүлээх үүрэг юм.
1 | 0 Хариулах
Жинхэнэ монгол хөдөөний [27.123.214.87] 2016/8/12
хөдөөд амьдрал ийм л байна шүү дээ. хөдөөнийхөнд хөгжих боломж олдохгүй байхад малтайгаа адилхан гэж адлана. хотод ирээд ч баян л биш бол хөгжил дорой газраас ирсэн хүмүүс гүйцэхгүй, гэр хороололоосоо гарч чадахгүй байна. яаж ч залхууралгүй хөдөлмөрлөсөн гэсэн.
0 | 0 Хариулах
Фермер цаашааа [27.123.214.87] 2016/8/12
Барууны хөгжингүй орны хүүхэд залуучуудын дунд деабитис, астма, хурц харшил, үе мөчний үрэвсэл гэх мэт архаг өвчнүүд ихээхэн тархаж байгаагийн шалтааныг хэт цэвэр орчин, төрөл бүрийн шавьж ургамлын хор, химийн хор бордоо, антибиотик вакцинжуулалттай холбоотой гэж үзэж байна. Үүний шалтгаан нь идэж ууж буй мах, сүүн бүтээгдхүүнтэй нь холбоотой.
1 | 0 Хариулах
Фермер цаашааа [27.123.214.87] 2016/8/12
Барууны орнуудад фермерийн компаниуд өртөг зардалаа хэмнэхийн тулд малыг ер нь гахай, тахиа, галуу олноор маш бага талбайд шахан тэжээдэг нь халдварт өвчин тархахад хүргэж байнга антибиотикоор бөмбөгдөж, бактерууд нь тэсвэртэй Бболж байна. Тийм учраас цагаан хоолтон хүмүүс их болсоор байна. Хүүхдийн баяраар очиж идээд байгаа бургер кинг, KFC зэрэг томоохон сүлжээ түргэн хоолны газрын зардаг тахианы мах болон бургерийн үхрийг ийм нөхцөлөөс гардаг шүү дээ. Тийм учраас цагаан хоолтонууд их болсоор байна. Монголд ирсэн цагаан хоолтон хүмүүс монгол махыг бол иддэг. Юун фермер вэ, яаж ингэж ярьж чадаж байна аа.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2016/8/11
Уг нь 21-р зуунд "нүүдэлчин соёл" гэж түүхийн номонд л бичигдвэл зохих ёстой ухагдахуун шүү дээ. Нэг газар тогтвор суурьшилтай амьддарч сурах л хэрэгтэй. Малчид өөрсдийн хүсэлтээр малаа фермүүдэд зараад тэр фермийнхээ хувьцаанаас эзэмшээд ноогдол ашиг аваад явах нь зөв гэж үзэж байна.
1 | 5 Хариулах
Зочин [103.10.197.90] 2016/8/11
Малчид Уяачид хотон шувууны хошуугаар морины хусуур хийж устгаж байгаа сурагтай. Одоогийн Малчид байгалиаа хамгаалах биш сүйтгэдэг болчихсон. Дараагийн 100 жилд Нүүдэлчин Малчин байлдаараа явбал ёстой бүтэхгүй. Фермежүүлэх ажлын байр нэмэгдэх боловруулах гэх мэт ажлыг хиймээр байна...
5 | 4 Хариулах
Зочин [27.81.27.164] 2016/8/11
хуучин цагт морины хусуурыг хотон шувууны хошуугаар хийдэг байсан уламжлалтай. харамсалтай нь одоо морь уралдуулах нь арилжааны хэлбэрт шилжээд хэт олон уяачтай болсон байх
3 | 0 Хариулах
их мэдэгчээ [202.9.41.226] 2016/8/11
Тийм учраас тэмээ үржүүлмээр байгаа юм гээд энэ нэг эмэгтэй хэлээд байгаа юм биш үү.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.78.4] 2016/8/11
Ямаа үржүүлж байгаль орчныг эргэлт буцалтгүй цөлжүүлж байгаа энэ муухай аж ахуй харилцаа аброген маягийн амьдралыг өөгшүүлж "нүүдэлчин соёл" энэ тэр гэж солиорохоо болимоор юм. Ямаа Монголыгы цөлжүүлээд дууслаа. Юун тэр уул уурхай. Хажууд нь ногоон салбар гэж хэлнэ. Малын тоо толгой ямааны тоо аюулын гамшигийн хэмжээнд очлоо. Дээр нь огт татвар төлдөггүй нийгэмийн давхарга. Ямар ч утгагүй үр ашиггүй хөгжлийн садаа болсон тогтолцоог халах цаг нь болсон.
3 | 1 Хариулах
Зочин [202.21.112.37] 2016/8/23
Ямаа цөлжүүлээгүй, ямаа бэлчсэн газар хэвээрээ л хэдэн арван жил байна даг. Яг баримттай гаргаж ирээч та нар, худлаа ингэж малчдыг адлах нэг аян шалтаг болгодгоо болих хэрэгтэй. Харин хажууд нь уул уурхайн яг нүдэн дээр талыг там болгож байна.
0 | 0 Хариулах