ХҮН өнөөдөр мэдээлэл хийлээ.
Намын дарга С.Боргил "ХҮН 2016 оны УИХ-ын сонгуульд дангаар оролцох албан ёсны хүсэлтээ ҮАГазраар хянуулан мөрийн хөтөлбөрийн хамт хугацаанд нь Сонгуулийн Ерөнхий Хороонд /СЕХ/ хүлээлгэн өгсөн.
Бид ХҮН, 2016 оны сонгуульд дангаар орж "эрх тэгшийн хувьсгал", мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, Монгол Улсдаа "ялгаварлалгүй нийгэм" байгуулах чин хүсэлтэй байлаа. Гэвч СЕХ-оос манай намыг дөрвөн зүйл заалтаар УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй хэмээн шийдвэрлэжээ.
Эрх баригчдын улс төрийн захиалгаар манай намын зарим нэг гишүүний оролцоотойгоор ХҮН 2016 оны сонгуульд орохгүй, АН-ыг дэмжинэ гэх мэдэгдэл гаргасан нь биднийг 2016 оны сонгуульд оруулахгүй байх гол шалтаг боллоо.
Улс төрийн нөхцөл байдал бидний эсрэг байгаа хэдий ч, бид эхлүүлсэн ажлаа дуусгаж, энэ улсыг эрх тэгш, ялгаварлалгүй болгохын тулд үргэлжлүүлэн ажиллах болно.
ХҮН 2016 оны УИХ-ын сонгуульд гишүүдээ бие даан нэр дэвшүүлнэ.
Харин нийслэл, орон нутгийн сонгуульд нам дангаар оролцоно гэдгээ мэдэгдэж байна.
ХҮН нийт гишүүд дэмжигчид, биднийг сонголтоо хэмээн харж буй сонгогч, ард олон та бүхэндээ хандаж дахин хэлье:
2016 оны УИХ-ын сонгуульд ХҮН АН-ыг дэмжиж оролцохгүй. Эрх баригчдын улс төрийн захиалга, элдэв янзын оролцоо, хатгалга, бэрхшээл хүндрэл тулгарч байгаа хэдий ч бид сайхан Монгол орноо авч үлдэхийн тулд тэмцлээ үргэлжлүүлэх болно. Бид Монгол Улсдаа эрх тэгшийн хувьсгал хийж, ялгаварлал үгүй нийгмийг байгуулна" гэлээ.
Түүнчлэн тус намынхны зүгээс "Т.Ганболдын буруутай үйлдлээс болж УИХ-ын сонгуульд намаараа оролцох боломжгүй болсон" гээд түүнийг намаас хөөснөө мэдэгдсэн юм.
СЕХ-ноос тус намын сонгуульд оролцох хүсэлтийг бүртгээгүй билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!