Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын Сунни ба Шиа урсгалын ялгаа

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 5
iKon.MN

Өнөөдрийн Ирак, Сирид болж байгаа сөргөлдөөний нэг гол шалтгаан нь Ислам шашны Сунни, Шиа (Суннит, Шийт ч гэдэг) урсгалуудын хоорондын зөрчил.

Энэ зөрчил нь манай тооллын долоодугаар зуунд зөнч Мухаммедыг нас барсны дараа эхэлсэн юм.

Дэлхийн муслимуудын бараг 90 хувь нь буюу 1.6 тэрбум хүн Сунни урсгалыг дагадаг бол үлдсэн 10 орчим хувь нь Шиа урсгалынхан.

 

 

Сунни зонхилдог улсууд Хойд Африкаас эхлээд Зүүн Өмнөд Ази, Төв Ази хүртэл үргэлжилдэг бол Шиа урсгалынхан Иран, Ирак, Азербайжан, Бахрейн улсуудад зонхилдог.

 

/Зураг дээр Сунни нар зонхилдог гол орнуудын нэг Саудын Арабын хаан Салман би Абдулазиз/

Зөрчил эхэлсэн шалтгаан нь зөнч Мухаммедыг хэн залгамжлах вэ? гэдэг асуудал. Зөнчийг нас барсны дараа дагагчдын ихэнх нь түүнийг ойрын найз нөхөр, хадам эцэг Абу Бакрыг залгамжлах ёстой гэж үзсэн байна.

Харин цөөн хэсэг нь зөнчийн хүү Али ибн Аби Талиб залгамжлах ёстой гэж үзжээ.

Нэг үгээр хэлбэл Сунни урсгалынхан зөнчийг заавал цусан төрлийн удам нь биш, өөр төрлийн хүн залгамжлах боломжтой гэж үзсэн бол Шиа нар үр удмыг нь залгамжлагчаар тодруулахыг зөв гэж үзсэн байна.

Сунни нар өөрийн замыг дагаж Абу Бакрыг анхны муслим халифд өргөмжилж зөнч Мухаммедын залгамжлагчаар зарлажээ.

Харин Шиа нар одоо болтол Исламын сарны тооллын эхний сар Мухаррамын арав дахь өдрийг тэмдэглэдэг нь Мухаммедын ач Хусайн ибн Алигийн нас барсан өдөр юм.

 

/Зураг дээр Шиа урсгалын гол төв Ираны шашны тэргүүн Аятолла аль Хамейни/

Үүнээс бусдаар хоёр урсгал Исламын бүх ёс заншлыг ижил дагадаг. Үүнд Рамадан сарын зан үйл, Хаж мөргөл, жил бүрийн Мекка дахь мөргөл зэрэг. Мөн ялгаагүй нэг ижил Коран судрыг шүтдэг.

Гол ялгаа нь Сунни нар зөнч Мухаммедын сургааль номыг голлон дагадаг бол Шиа нар аятолла хэмээх шашны тэргүүний сургаалийг дагадаг ба түүнийг Бурхны газар дээрх билэгдэл гэж үздэг байна.

Хэдийгээр тэд эв найртай зэрэгцэн оршдог хэдий ч Pew Research Center судалгааны байгууллагын 2012 оны мэдээллээр Ойрх Дорнод, Хойд Африкийн Сунни муслимуудын 40 хувь нь Шиа нарыг Ислам шашинтан гэж үздэггүй гэжээ.

Өнөөдөр Сирид тулалдаж байгаа хүчнүүдийн босогчдын тал нь Сунни дагагчид (Исламын улс бас орно) байгаа бол засгийн газрыг хамгаалж байгаа нь Шиа урсгалынхан байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider, Pew Research Center