Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

МҮҮНИЙ ШАШНЫ СҮҮДЭРТЭЙ ТАЛ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр сайн, муу янз бүрээр бичигдэж буй Мүүний шашны тухай http://www.mirror.co.uk/ сайтын нийтлэлийг товчлон хүргэж байна. 

Өмнөд Солонгост 1954 онд бий болсон шашны энэ урсгалыг үндэслэгч Сун Мюн Мүүн 2012 оны есдүгээр сард 92 насандаа таалал төгссөн билээ.

Өөрийг нь Есүс сонгож тодруулан дуусаагүй үйл хэргийг нь үргэлжүүлэхийг даалгасан гэж номлодог. Ингэхдээ тэр дэлхийн улс орон бүрээс өөр өөр үндэс угсаатай хүмүүсийг гэрлүүлж “цэвэр ариун” гэр бүлүүдийг бий болгох замаар Есүсийн захиасыг гүйцээнэ гэж үздэг байна.

Гэхдээ энэ үйлдэл нь хүмүүсийн тархийг угааж тэднийг орлогын эх үүсвэрээ болгоход чиглэдэг нь сүүлд танигдсан юм.

Үүний хажуугаар Умард Солонгосын удирдагчид, АНУ-ын ерөнхийлөгч нартай найрсаг харилцаатай байсны үр дүнд өөрийн хэвлэл мэдээллийн эзэнт гүрнийг байгуулж чадсан аж. Түүний мэдэлд сонин, ТВ зэрэг мэдээллийн хэрэгслүүд байдаг ба тэдгээрийгээ өөрийн үзэл суртлын зэвсэг болгон ашигладаг байна.

Өөрсдийгөө дэлхийн 180 улсад долоон сая орчим дагалдагчтай гэдэг.

Ноён Мүүн 1920 онд одоогийн Умард Солонгосын нутагт тариачны гэр бүлд төрсөн. Тэр 16 насандаа Есүстэй уулзаж залгамжлагчаар нь тодорсон гэж өөрөө тайлбарладаг.

Дараа нь мөн Будда зэрэг бусад шашны бурхадтай ч уулзсан гэж өөрөө ярьдаг байж. Токиод инженерийн боловсрол эзэмшээд ирэхэд нь коммунистууд түүнийг сургааль номлолыг нь буруутган шоронд хорьжээ.

Тэгж байтал Солонгосын дайн эхэлж Мүүн суллагдан гэртээ эргэж ирээд анхны эхнэртэйгээ гэрлэсэн гэнэ. Гэвч эхнэрээ бие давхар болсны дараа шашны үйл хэргээ эхлүүлэхээр гэр бүлээ орхин явжээ.

Түүний анхны байгуулсан сүм “Өргөн тэнгис” (Broad sea) нэртэй байлаа.

Ноён Мүүн залуудаа ...

Энэ сүмийн анхны гишүүдийн сүүлд дэлгэснээр Мүүн бусад хүмүүсийг өөртэй нь секс хийснээр бие сэтгэл нь ариусна гэж сургадаг байж.

Үүнийг Мүүн сүүлд няцааж байв. 

1964 онд тэр Сөүлд Эв Нэгдлийн сүм нэртэй Христ, Күнз, Бөө мөргөл, Коммунизмын эсрэг үзэлтнүүдийн холимог байгууллага нээж байжээ. Эдгээр олон төрлийн хүмүүсийг хооронд нь гэрлүүлснээр шашин хооронд эв нэгдлийг хангаж төгс гэр бүлүүдийг бий болгох тухай номлож байлаа.

Мүүн 40 насандаа 17 настай өөрийг нь шүтэгч Хак Жа Хантай гэрлэсэн гэнэ. Тэр хоёр өөрдсийгөө хүн төрөлхтний дундаас бий болсон Жинхэнэ төгс эцэг эх гэж нэрлэдэг байжээ.

Тиймээс бөөнөөр гэрлэх үйл ажиллагаанд оролцогчид тэдний гараас адис авдаг байв.

Энэ гэрлэлтүүд дунд этгээд сонин тохиолдлууд их байдаг байжээ. Тухайлбал 71 настай Африкийн католик сүмийн хамба, 43 настай Солонгос эмэгтэйтэй суусан тохиолдол хүртэл байв.

1988 онд Мүүн 6516 хосыг Сөүлийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд гэрлүүлснээрээ Гиннесийн дээд амжилтын номонд орж байжээ.

 Энэ гэрлэлтээр нийлсэн хосууд нь 40 хоногийн турш хамт унтахгүй байж цэвэр ариун гэр бүл болсноо баталдаг гэнэ.

Дараа нь тэд шашны удирдагчийнхаа зааж өгсөн байрлалаар гурван өдөр секс хийх зан үйлийг гүйцэтгэснээр гэрлэх ёслол өндөрлөдөг байна.

Мүүний энэ этгээд зан үйл баруунд дэлгэрч, чинээлэг залуу үеийнхнийг байлдан дагуулж байжээ. Мөн “хайрын бөмбөгдөлт” хэмээх зан үйл нь нэлээд дэлгэрсэн бөгөөд ганцаардмал залуусыг эцэг эхээсээ татгалзаж уг шашны хайр ивээлд оруулан элсүүлдэг механизм болж байв.

Энэ үйлдлээс болж эцэг эхчүүд Мүүнийг шүүхэд өгөх явдал элбэг байлаа. Ялангуяа Англи улсад түүний эсрэг шүүхийн шийдвэр гарч багагүй хэмжээний мөнгөн торгууль тавиулж байжээ. Энэ бүх дуулианы үр дүнд тэр маш их алдаршиж, дэлхийн хамгийн баян шашны тэргүүнд тооцогдох болов.

Нэгэнтээ тэр “Бурхан миний дотор оршиж байна. Би бурхны дахин төрсөн хувилгаан” гэж зарлаж байлаа.

Мөн “бүх дэлхий миний гарт байна. Би дэлхийг байлдан дагуулж, мэдэлдээ байлгах болно” гэсэн мэдэгдлүүд хийж байв.

Түүний эзэмшилд Вашингтон Таймс сонин багтаж байжээ.

Шүтэн бишригчдийнхээ хуримтлуулсан мөнгөөр Мүүн нь Нью-Йоркод тансаг харшид амьдарч, лимузин, дарвуулт завь хөлөглөдөг байжээ.

2008 онд түүний хөрөнгийг 625 сая фаунд гэж тодорхойлж байлаа.

Мүүн гэргийн хамт

Түүнийг үе үеийн АНУ-ын ерөнхийлөгчид Ричард Никсон, Рональд Рейган, Жорж Буш, бага Буш болон Чилийн дарангуйлагч генерал Пиночет нар хүндэлж харьцдаг байв.
Хэдийгээр Коммунизмийн эсрэг үзэлтэй ч гэсэн Умард Солонгосын удирдагч Ким Ил Сунтай 1991 онд бизнесийн гэрээ байгуулж чадсан гэнэ.

Мөн ноён Мүүн нь Элвис Преслиг өөртэй нь хамт Есүсийн тухай кинонд тоглохыг ятгаж байсан түүхтэй.

Гэвч 1984 онд АНУ-д татварын хэргээр 18 сар хоригдсон нь түүний нэр хүндийг ихээхэн унагасан юм. Энэ явдлаас хойш түүний нэр хүнд дахин анхныхаа хэмжээнд сэргэж чадаагүй билээ.

1998 онд түүний ууган хүү Хё Жин мансуурлын дон туссаны улмаас 45 насандаа зүрх нь зогсож, 1999 онд өөр нэг хүү Ёнжин Филлип Мүүн нь 21 насандаа амиа хорложээ. Зарим улс орнууд ч Мүүнийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглов. Байдал ийм болсон тул тэр Бразилын алс бүс нутгуудад сүмээ дэлгэрүүлэхийг оролдож байжээ.

Гэхдээ төдийлөн амжилт олоогүй байна.

Хамгийн сүүлд 2009 онд дэлхийн олон улс орнуудад нэгэн цагт зэрэг 45,000 хүнийг хуримлуулсан нь түүний сүүлийн том арга хэмжээнд тооцогддог байна.

Үүсгэн байгуулагч Мүүнээс хойш энэ шашны хувь заяа хаашаа эргэх нь тодорхой бус байгаа гэнэ.