"Найрамдлын зам дагуу борооны ус зайлуулах шугам угсрахдаа нөхөн сэргээлтийг тухай бүрд нь хийж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Найрамдал зуслангийн  авто зам дагуу борооны ус зайлуулах шугам угсралтын ажил үргэлжилж буйг Геодези, Усны барилга Байгууламжийн Газраас мэдээллээ.

Тэдний мэдээлснээр тухайн хэсгийн зам дагуух борооны ус зайлуулах шугамыг үе шаттайгаар угсарч, шинээр угсарсан шугамын араас зам, талбайн нөхөн сэргээлтийн ажлыг тухай бүрд нь гүйцэтгэж байгаа аж.

Тодруулбал нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхдээ стандарт, технологийн шаардлагад нийцүүлэн ухсан хэсгийг буцаан дүүргэх, тэгшлэх, замын зорчих хэсгийн хэвийн болгож байгааг хэллээ.

Улаанбаатар хотоос “Найрамдал” зуслан чиглэлийн 16 километр авто замыг өнгөрсөн онд шинэчилж, энэ жил тус авто зам дагуу борооны ус зайлуулах шугамыг өнгөрсөн сараас угсарч эхэлжээ. Ус зайлуулах шугамыг хоёр жилийн хугацаанд буюу 2028 онд угсарч дуусгахаар төлөвлөсөн бөгөөд нийт төсөвт өртөг ₮7.5 тэрбум байна. Үүнээс энэ онд ₮2.5 тэрбумыг зарцуулна.

Найрамдлын авто зам дагуу нийт 3,000 метр урт ус зайлуулах шугам угсрах юм байна.