Орос, Украин улсууд эрчим хүчний салбарууддаа довтлохгүй байхаар тохиролцсон гэх Трампын мэдэгдлийг Зеленский няцаав
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдөр сэтгүүлчидтэй уулзахдаа дэлхий дахинд дизель түлшний хомсдол нүүрлэсэн нь Украин улс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд довтолж байгаатай холбоотой гэж мэдэгдээд агаарын цохилтоо зогсоохыг Киевийн эрх баригчдад уриалж байв.
Даваа гарагт тэр сошиал хуудсандаа “Украин улс Оросын эрчим хүчний байгууламжуудад довтлохоо зогсоохыг зөвшөөрсөн. Орос улс бас адилхан зөвшөөрсөн. Дэлхий дахинд дизель түлшний үнэ өссөн нь Орос-Украины дайнтай холбоотой, Ирантай холбоогүй” гэж бичжээ.
Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ мэдэгдлийг шууд бус утгаар няцаасан байна.
Тэрбээр хэрвээ холбоотнууд нь Украины дэд бүтцүүдийг чиглэсэн Оросын довтолгоог зогсоох баталгаа гаргаж өгвөл Украин улс ижил арга хэмжээ авахад бэлэн байгааг мэдэгджээ. Гэхдээ Орос улс ямар нэг тохиролцоог дагах хүсэлтэй байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа Зеленский давхар илэрхийлсэн байна.
“Орос улс ямар нэг тохиролцоог дагаж мөрдөх хүсэлтэй байгаа эсэхэд Украин итгэлгүй байна. Дайныг зогсоох ёстой. Чухал дэд бүтцүүдийг тойрсон хурцадмал байдлыг намжаах нь энх тайванд хүрэх эхний алхам байж болох юм. Бид түншүүдээсээ тодорхой шийдэл хүлээж байна” гэж тэр Телеграм хуудсаараа мэдэгджээ.
Зеленский бас ийм тохиролцоо нь “найдвартай, урт хугацааны, мөн хүмүүсийн амьдралд бодитой нөлөө үзүүлэхүйц байх ёстойг” онцолсон байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
