Өмнөд Солонгос, Узбекистан улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллахаар тохиролцлоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар өчигдөр Сөүл хотноо газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээ, хиймэл оюун ухаан болон бусад шинээр хөгжиж байгаа салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ.

Маргааш буюу Лхагва гарагт Өмнөд Солонгос улс нийслэл хотдоо Төв Азийн таван улстай (Казахстан, Киргизстан, Тажикистан, Түркменистан, Узбекистан) анхны олон талт дээд хэмжээний уулзалт зохион байгуулах гэж байгаа юм.

Энэ уулзалтаар Төв Азийн ховор ашигт малтмал, эрчим хүчний нөөцийг Өмнөд Солонгосын хайгуул, боловсруулалт, дэвшилтэт үйлдвэрлэлийн технологитой холбох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

И Жэ Мён уулзалтын үеэр Узбекистан улсыг Төв Ази дахь Өмнөд Солонгосын цорын ганц “онцгой стратегийн түнш” хэмээн тодорхойлжээ.

“Манай хоёр улсын хооронд тогтсон гүн бат нөхөрлөл, итгэлцэлд тулгуурлан онцгой стратегийн түншлэлийн харилцаагаа улам өргөжүүлж, хамтын хөгжил цэцэглэлт, энх тайвны төлөө хамтдаа урагшилна гэдэгт найдаж байна” гэж тэр хэлсэн байна.

Мөн тэрбээр Узбекистан улсад корёин гэж нэрлэдэг 200 мянга орчим солонгос угсаатан амьдардгийг дурдаад хүнд хэцүү цаг үед тэднийг хүлээн авч, дэмжиж ирсэн Узбекистаны ард түмэнд талархал илэрхийлжээ.

Мирзиёев хариуд нь “Өмнөд Солонгос бол Узбекистаны томоохон худалдааны түншүүдийн нэг. Узбекистанд одоо Өмнөд Солонгосын 700 гаруй компани хамтарсан аж ахуйн нэгж хэлбэрээр үйл ажиллаагаа явуулж, хөрөнгө оруулалтаа улам тэлж байна” гэж мэдэгдсэн байна.

“Манай хоёр улсын харилцаа улс төрийн өөрчлөлтөөс болж өөрчлөгдөж байгаагүйг түүх харуулж байна” гэж хэлсэн Мирзиёев түүний айлчлал хоёр орны онцгой стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Даваа гарагийн уулзалтаар хоёр улс дэд бүтэц, биотехнологи, хиймэл оюун ухаан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, боловсрол, хөдөө аж ахуй, батлан хамгаалах зэрэг салбарын 13 гэрээ, санамж бичиг байгуулсан байна.

Нэг санамж бичигт Узбекистанд өндөр хурдны төмөр замын сүлжээ байгуулах, үндэсний геномын төв, биобанк байгуулах талаар судалгаа явуулах ажлуудыг тусгажээ.

Өөр нэг санамж бичигт Узбекистаны стратегийн ач холбогдолтой зургаан салбарын төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг тусгасан байна.

Эдгээр  зургаан салбар нь ховор элемент, хиймэл оюун болон дата төв, ухаалаг хот, Солонгосын компаниудад зориулсан аж үйлдвэрийн цогцолбор, эм хангамж болон био технологийн үйлдвэрлэл, хүнс, гоо сайхан, соёлын контент болжээ.

Энэ удаа Узбекистан, Түркменистан, Казахстан улсуудын удирдагчид төрийн айлчлалаар, Тажикистан, Киргизстан улсуудын удирдагчид албан айлчлалаар Өмнөд Солонгост ирээд байна.

 

Эх сурвалж: Korea Times