Оросын үнэн алдартны шашныхан цэргүүдийн сэтгэл санааг өргөхийн тулд Украины фронт руу Дмитрий Донскойн ясыг илгээв

Т.Давааням, ikon.mn
37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголчуудын эсрэг томоохон ялалт байгуулсан гэж Оросын түүхэнд бичигдсэн дундад зууны үеийн вангийн илд барьдаг байсан гарын ясны хэлтэрхийг Москвагийн үнэн алдартны шашны удирдагчид цэргүүдийнхээ сэтгэл санааг өргөх зорилгоор Украины фронт руу илгээжээ.

1380 онд Куликовын тулалдаанд Алтан Ордны цэргийг ялсан хүн хэмээн Оросын үндсэрхэг үзэлтнүүдийн дунд хүндлэгддэг их ван Дмитрий Донскойн шарилыг өнгөрсөн зун Кремль дэх Архангелийн сүмийн сэргээн засварлалтын үеэр илрүүлсэн юм.

Путин наймдугаар сард тус сүмд зочилж, вангийн шарилын үлдэгдэлтэй биечлэн танилцахдаа олдворыг Оросын түүхийн суурийг бэхжүүлсэн “туйлын өвөрмөц бөгөөд гайхалтай нээлт” хэмээн магтаж байв.

Украины дайн эхэлсэн цагаас хойш Путинийг тууштай дэмжиж ирсэн Оросын Үнэн Алдартны Сүм хийдийн захиргаа Донскойн баруун гарын ясны хэлтэрхийг Донецк руу илгээснээ өчигдөр мэдээлжээ.

Донецк нь 2022 онд Орос улс өөртөө нэгтгэсэн Украины дөрвөн бүс нутгийн нэг юм.

“Их вангийн баруун гарын хэлтэрхий буюу Куликовын тулаанд илдээ барьж байсан баруун гарыг цэргүүдийн сэтгэл санааг бэхжүүлэхийн тулд фронт руу илгээлээ” гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.

Бат бөх шилэн хоргонд гоёмсог хайрцагт байрлуулсан уг шүтээнийг фронтын шугам дагуу аялуулж, Оросын цэргийн анги нэгжүүдэд үзүүлэх гэнэ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр үнэн алдартны сүм хийдийнхний санхүүжилтээр байгуулагдсан Зөвлөлтийн танкийн цуваанд бас Донскойн нэрийг өгч байсан юм. Оросын үнэн алдартны сүм хийд түүнийг 1988 онд гэгээнтнээр өргөмжилж байжээ.

 

Эх сурвалж: Reuters