Японы шуурхай тусламжийн алба ажилтнуудынх нь гутлын байрлалыг цэгцлэхгүй байхыг иргэдэд зөвлөжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Японы нийгмийн салшгүй тулгуур багана нь ёс зүй, биеэ боловсон авч явах байдал, бусдыг халамжлах явдал боловч заримдаа энэ нь ажилд хүндрэл учруулдгийг нэгэн хотын онцгой байдлын алба иргэдэд анхааруулжээ.

Тус улсын төв бүсийн Каназава хотын эрх баригчид гал түймэртэй тэмцэгчид, түргэн тусламжийн багийнхан айлын гэрт орохдоо тайлж үлдээсэн гутлыг цэгцэлж, байрлалыг нь солихгүй байхыг иргэдэд уриалж, ингэх нь ялангуяа хэн нэгнийг дамнуурга дээр авч явах үед саад учруулж болохыг сануулсан байна.

Наймдугаар сарын 5-ны өдөр Инстаграмд нийтлэгдсэн видео уриалгыг хагас сая гаруй хүн үзжээ.

Уг видео бичлэгт түргэн тусламжийн ажилтнууд айлд ирээд гутлаа тайлж орсны дараа гэрийн эзэн тэдний гутлуудын байрлалыг цэгцлэн өөрчилж байгааг харуулсан байна.

Гэвч ажилтнууд дамнуурга дээр өвчтөнийг хэвтүүлээд гарахдаа гутлаа олж өмсөхөд хүндрэл тулгарч буйг уг бичлэг харуулжээ.

Японд айлд ирсэн зочин гутлаа тайлдаг бол тухайн айлын хүмүүс зочдыг гарахдаа өмсөхөд амархан байлгах зорилгоор гутлыг нь цэгцэлж тавьдаг уламжлалтай.

Энэ долоо хоногт TBS News Dig сувагт өгсөн ярилцлагадаа онцгой байдлын албаны ажилтан Дайсуке Ямашита “Манай ажилтнууд өөрсдийн ажил үүргийн дагуу гутлынхаа чиглэлийг тогтоодог тул хэн нэгэн сайхан сэтгэлийн үүднээс байрлалыг нь өөрчилбөл буцааж өмсөхөд саад болж, өвчтөнийг тээвэрлэх хугацаа сунжирч болзошгүй байдаг. Бидний туршлагаас харахад энэ нь 30 секунд орчмын хугацааны алдагдал үүсгэдэг” гэж хэлжээ.

“Бид гутлын байрлалыг тэгшлэн цэгцэлж байгаа сайхан сэтгэлийг ойлгож, хүндэлдэг. Үүнээс гадна яаралтай тусламжийн үед хүмүүс өвчтөний нийгмийн даатгалын дугаар, иргэний үнэмлэх зэргийг урьдчилан бэлдсэн байвал бидний ажлыг хөнгөлдөг” гэж тэр цааш нь зөвлөсөн юм.

Япончууд уг зөвлөгөөнд талархаж байгаагаа сэтгэгдлээр илэрхийлцгээжээ.

 

Эх сурвалж: The Guardian