Германы зэвсэг үйлдвэрлэгч аварга компанийн босс Оросын заналхийллээс айхгүй байгаагаа мэдэгдэв
Германы зэвсэг үйлдвэрлэгч аварга компани Rheinmetall-ийн гүйцэтгэх захирал өөрийнх нь эсрэг чиглэсэн аливаа аюул заналхийллээс зугтах бодолгүй байгаагаа мэдэгджээ.
Тус компани Украинд их хэмжээний зэвсэг нийлүүлдэг, бас Украинд өөрийн үйлдвэрүүдийг байгуулж байгаа юм.
Үүнийхээ төлөө 63 настай Армин Паппергер 24 цагийн өндөржүүлсэн харуул хамгаалалт дор амьдардаг. Оросын тал түүний амийг хөнөөх оролдлогыг хэд хэдэн удаа зохион байгуулж байсан гэдэг.
Паппергерийн харуул хамгаалалт Германы канцлер Фридрих Мерцийнхтэй ойролцоо түвшинд байдаг гэнэ.
“Ийм дарамт шахалтыг тэсвэрлэж чадахгүй хүн уг ажлын байранд тохирохгүй” гэж Ням гарагт нийтлэгдсэн ярилцлагадаа өөрийн ажил үүргийн талаар Паппергер ярьжээ.
“Миний цэцэрлэгийн амбаарыг шатааж, гэрийн маань гадаа жагсаал цуглаан болж байсан. Хэрвээ эдгээрийг аюул занал гэж үзэх ёстой бол тиймээ, надад заналхийлэл мэдрэгддэг” гэж тэр цааш нь ярьсан байна.
Германы дотоод тагнуулын алба саяхан тус улсын батлан хамгаалах салбарын үйлдвэрлэгчдэд онцгой сонор сэрэмжтэй байхыг уриалж, Оросын тагнуул, хорлон сүйтгэх ажиллагааны бай болох магадлал нэмэгдэж байгааг анхааруулсан юм.
2013 оноос хойш Германы хамгийн том зэвсэг үйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Паппергерын хувьд ийм ажиллагаанд өртөх хамгийн өндөр магадлалтай хүн.
“Юуны өмнө надад гурван жил, хагас ажиллах гэрээний хугацаа үлдээд байгаа тул Рейн мөрнөөр их хэмжээний ус урссаар байх болно. Одоогоор би залуу, эрүүл чийрэг байгаагаа мэдэрдэг бөгөөд өөрөөсөө хамаагүй залуу хүмүүстэй ажиллахад үнэхээр сайхан байдаг” гэж тэр хэлжээ.
Паппергер сургуулиа төгссөний дараа 1990 онд Rheinmetall компанид орсноосоо хойш 36 жилийн турш хэд хэдэн албан тушаал хашиж, эцэст нь гүйцэтгэх захирлаар ажиллах болсон юм.
Тэтгэвэрт гарсан ч зүгээр суух бодолгүй байгаагаа илэрхийлэхдээ тэр “Rheinmetall бол миний хувьд хоёр дахь гэр бүл минь юм. Гэхдээ надад өөрийн хэд хэдэн компани байгаа тул завгүй байлгах зүйл үргэлж олдох байх” гэж хэлжээ.
“Надад бас гайхалтай сайхан гэр бүл бий. Ач зээ нартайгаа илүү их цаг өнгөрөөх цаг болсон байж магадгүй. Гэхдээ энэ нь арай хол байна” гэж Паппергер хэлсэн юм.
Rheinmetall энгийн бизнес биш болохыг тайлбарлахдаа тэр “Хэрвээ бид машин зардаг байсан бол хэдэн сая харилцагчтай байх байсан. Дэлхий даяар надад 120 үйлчлүүлэгч байгаа. Өөрөөр хэлбэл бид 120 улсын засгийн газартай харилцдаг” гэж хэлжээ.
Эх сурвалж: DPA
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
