Цөлийг ойжуулах дэлхийн технологиор Монголын говийн 300 га талбайд заган ой бүтээнэ
...Заг гурван эрдэмтэй гэх. "Загтай газар тахал гардаггүй, загтай газар түймэр гардаггүй, загтай газар аянга буудаггүй" хэмээн говь нутгийн үнэт баялаг болсон хосгүй энэ модыг өмнийн говийн буурлууд дээдлэн бэлгэшээж ирсэн нь өдгөө үлгэр домог мэт зон олны дунд яригдсаар. Хэзээнээсээ байгаль дэлхийтэйгээ шүтэлцээтэй амьдарч ирсэн нүүдэлч монгол түмэн маань зулзаган нялх загтай газар руу малаа ч бэлчээдэггүй, зөвхөн хатаж, холцорсон загийг л түлшиндээ хэрэглэж ирсэн заган ойг яаж хайрлаж нандигнаж ирснийг илтгэнэ.
Тэмээнээсээ ч "тэвчээртэй" гэх энэ ургамал ус чийг багатай элсэн цөлд төгс зохицолдлоготой. Таван метрийн гүнд үндсээ шигтгэн, тал бүр 5-10 метр салаалан ургаж, байгалийн эрс ширүүнийг сөрөхдөө элсний нүүдлийг тогтоон барих экологийн томоохон үүргийг давхар гүйцэтгэдэг гайхамшигт ургамал ажээ.
Ийм үнэт модоо гамгүй түлж, 130 гаруй мянган га заган ой бүрэн устаж, 400 орчим мянган га заган ой байгалийн аясаараа нөхөн сэргэх боломжгүйд хүргэж байсан цаг саяхан буюу 1970-аад оных. Харин өдгөө уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө чадах бүхний хийхээр чармайж байгаа энэ үед мод гэдэг ямар агуу том зохицуулагч, хамгаалагч, амьдрал бэлэглэгч болохыг дэлхий нийтээрээ гүнээ ухамсарлан мэхийж байгаа гэхэд хэтийдэхгүй.
Тэгвэл говь нутагт мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэн авчрах “Ухаа заг” төслийг өнөөдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд нээж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, мөн “Оюу толгой” компанийн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа энэ төслөөр Ханбогд суманд нийт 300 га талбай бүхий заган ой бүтээх юм.
300 га гэдэг бол Чингисийн талбайг 100 дахин нийлүүлсэн, хөлбөмбөгийн тоглох хэсгийн талбайгаар бол 420 талбайг зэрэгцүүлсэн дайны асар том талбай. Тэр ч утгаараа Монголд заган ойн анхны том санаачилгад зүй ёсоор тооцогдоно. Өнөөдрийн байдлаар хэдийн 80 га талбайд 100 мянга гаруй заг мод тариад байгаа бөгөөд энэ ондоо багтаан үлдсэн 220 га талбайг ойжуулж дуусгахаар зорьжээ.
Цөлийг ойгоор бүрхэх дэлхийн технологиос суралцана
Говьд мод ургуулна гэдэг тийм амар ажил биш байх нь ойлгомжтой. Тийм ч учраас “Ухаа заг” төслийг үндэсний дөрвөн компанийг оролцуулж, дэлхийд тэргүүлэгч М-Grass компанитай хамтран хэрэгжүүлэх нь. Тус компани нь талбайн судалгааг өндөр түвшинд хийж, ямар ургамлыг ямар нягтаршилтай тарьж ургуулахаа нарийн тооцоолдгоороо нэртэй бөгөөд хүлээн зөршөөрөгддөг ажээ. Ялангуяа, мод тарихдаа нутгийн ургамлуудыг тооцоотой хослуулж, ус, хөрс, агаар, бичил биетний харилцааг нь хүртэл харгалздаг учраас ойжуулалтыг, тэр дундаа цөлд үр дүнтэйгээр мод тарьдаг ноу-хаутай.
Монгол Улсын хувьд говийн нөхцөлд тохирсон моджуулалтын арга технологийг турших, оновчлох зорилгоор 10 га талбайд судалгааны туршилтын талбай байгуулахаар төлөвлөсөн байна. Эл туршилтаар хөрс сайжруулах арга, усалгааны төрөл бүрийн шийдлүүдийг харьцуулан судалж, суулгацын амьдрах чадвар болон ус ашиглалтаар хамгийн тохиромжтой, үр ашигтай арга замыг тодорхойлох аж. Дэлхийд танигдсан ийм компанитай үндэсний дөрвөн компани хамтран ажиллаж байгаа нь цөлжилттэй бүсийг ойжуулах арга технологийг мөн нутагшуулан авч үлдэх боломжтойгоороо “Ухаа заг” төслийн ач холбогдлыг хэмжиж болно.
“Ухаа заг” төслийн талаар “Рио Тинто Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Рио Тинто, Оюу толгойн хувьд хариуцлагатай уул уурхай гэдэг бол хүрээлэн буй орчноо юун түрүүнд хамгаалах, цаашлаад уул уурхайн нөлөөллийг хамгийн бага байлгахад оршдог гэж үздэг. Төр, хувийн хэвшил, олон улсын шилдэг туршлагыг хослуулсан энэ төсөл маань Монгол Улсад төдийгүй олон улсад жишиг болохуйц төсөл болно гэж найдаж байна. Бид зөвхөн мод тарих биш, мэдлэг түгээх, орон нутгийн мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүдийн чадавхыг нэмэгдүүлж, инновацыг нэвтрүүлэхээр зорьж буй.
Тууштай, нягт хамтын ажиллагаагаар Монгол оронд тулгарч буй хүрээлэн буй орчны сорилтыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулах байх гэж бодож байна” гэсэн.
“Оюу толгой” компанийн Байгаль орчны тогтвортой хөгжлийн Ерөнхий зөвлөх Б.Ууганбаярын сэтгэгдлийг мөн онцолж байна. Тэрбээр “Энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ бид үндэсний 4 компанитай хамтран ажиллаж, ажиллах хүчний 60-аас дээш хувийг орон нутгийн иргэдээр бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Мөн дэлхийд тэргүүлэх дэвшилтэт технологийг дотооддоо нутагшуулж, зөвхөн тариалалт хийгээд орхих бус нөхөн сэргээх, арчлахад түлхүү анхаарч байна. Заган ойг бий болгоход урт хугацаа шаардлагатай бөгөөд бид үр дүн гаргахын төлөө тууштай ажиллах болно” гэлээ. Тэгэхээр энэ төслөөр байгаль орчныг нөхөн сэргээхийн зэрэгцээ Ханбогд сумын иргэдийг ажлын байраар хангаж, амьжиргааг дэмжиж буй нь бас нэг талын бодит хөрөнгө оруулалт юм.
Заг бол говийн “амьд дэд бүтэц”
Хангайн модтой харьцуулахад заг нь намхан, тахир мөчиртэй, сийрэг ургасан бут мэт харагдах ч говийн эко системд энэ ургамлын гүйцэтгэх үүрэг дэндүү том. Тухайлбал, заг ургасан орчимд салхины хүч, халалт, чийгийн ууршилт нүцгэн газартай харьцуулахад тэс өөр гэнэ. Заг нь авто зам, далан, хамгаалалтын байгууламжтай зүйрлэж болохуйц байгалийн амьд дэд бүтэц гэж болно. Хатаад өмхөрч унасан үедээ ч элсний нүүдлийг хааж байдаг ажээ. Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судалгаагаар ганцхан ширхэг заг мод 4 тонн хүртэлх элсийг тогтоон барьж, цөлжилтийн эрчмийг сааруулдаг байна.
Мэдээж тэмээ болон говийн зарим зэрлэг амьтанд тэжээл, нөмөр, амьдрах орчин нь болно. Товчхондоо заган ой бүхий талбайг даацтай нэмэх нь хөрс, бэлчээр, ургамал, амьтан, орон нутгийн иргэдийн амьжиргаатай уялдуулсан экосистемийг сэргээх том санаачилга юм.
Говьд ганцхан ширхэг заг модыг үрнээс нь суулгаж, усалж, хамгаалж, бие даан ургах хүртэл 3-5 жил арчлах шаардлагатай ажээ. "Ухаа заг" төсөл нь зөвхөн элсний нүүдлийг хааж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмэр оруулахаас гадна олон улсын дэвшилтэт технологи, инновацыг Монголын говьд нутагшуулах түүхэн гүүр болж байна.
Нөгөө талдаа төр, хувийн хэвшил, орон нутгийн иргэдийн тууштай хамтын ажиллагааны үр дүнд бий болох 300 га заган ой нь ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх амьд баялаг, экологийн аюулгүй байдлын чухал баталгаа билээ. Өмнийн говиос түүчээлж буй энэхүү ногоон хувьсгал цөлжилтийн эсрэг дэлхийн жишигт үнэлэгдэх түүхийг монголчууд өөрсдөө бүтээж байгаагийн нэг тод илэрхийлэл болон үлдэх нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

