Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалтаар АНУ-ын визийн барьцаа хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцжээ
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны Консулын газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяа, АНУ-ын талаас Төрийн департаментын Туслах төрийн нарийн бичгийн дарга Мора Намдар нар тус тус тэргүүлэн оролцов. Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон АНУ-д суугаа бусад дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, АНУ-ын Төрийн департаментын Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл ДеСомбре болон холбогдох албаны төлөөлөл оролцсон юм.
Уулзалтын үеэр талууд хоёр орны консулын харилцаа, иргэдийн харилцан зорчих нөхцөл, саатуулагдсан болон ял эдэлж буй иргэдтэй холбоотой асуудал, түүнчлэн АНУ-ын визийн барьцаа хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.
АНУ-ын тал Монгол Улсад зорчиж буй болон оршин сууж буй АНУ-ын иргэдэд үзүүлж буй холбогдох дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлуудаар цаашид идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.
Талууд энэхүү консулын зөвлөлдөх механизм нь Монгол, Америкийн стратегийн яриа хэлэлцээний чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцолж, хоёр орны иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, харилцан зорчих нөхцөлийг сайжруулах болон консулын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр зөвлөлдөх уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулахын ач холбогдлыг тэмдэглэсэн гэж ГХЯ-наас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
