Сингапурын цагдаа хиймэл оюунаар матрын зураг бүтээж, тараасан эрэгтэйг худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сингапурын цагдаагийн байгууллага тус хотын алдартай усан санд матар орж ирсэн байгааг харуулсан гэрэл зургийг хиймэл оюуны тусламжтай бүтээж, нийтэд тараасан эрэгтэйд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Йе Лин хэмээх нэртэй энэ хүнийг худал мэдээлэл тараасан, бас зураг үүсгэж, тараасан аппликэйшнаа устгаж, хууль сахиулах үйл ажиллагаанд саад учруулсан хоёр хэрэгт буруутгасан байна.

Түүний тараасан зураг Сингапурын олон нийтийн дунд айдас түгшүүр төрүүлсэн юм.

Өнгөрсөн сард тус хот улсын хамгийн том усан сан Панданд давстай усны матар хөвж байгаа тухай мэдээ иргэдээс ирсний дараа Сингапурын усны асуудал хариуцсан үндэсний агентлаг тухайн бүсэд ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хоёр өдрийн турш хориглож байв.

Улмаар эрх баригчид тус усан санд эрлийн ажиллагаа зохион байгуулж, Сингапурын сэлүүрт завины холбоо, каное завины холбоонд үйл ажиллагаагаа зогсоох үүрэг өгсөн байна.

Гэвч маргааш нь агентлаг матрын зураг хуурамч болохыг тогтоож, цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Хэргийг арваннэгдүгээр сард шүүх хэлэлцэх бөгөөд хэрвээ Мьянмарын иргэн Йе Лин гэм буруутай нь тогтоогдвол шоронд хоригдож, их хэмжээний мөнгөн торгууль хүлээж болзошгүй байна.

Сингапурт худал мэдээлэл түгээх нь гурван жил хүртэл хугацаагаар шоронд хоригдох, 10,000 хүртэл сингапур долларын ($7,800) торгууль төлөх, эсвэл эдгээрийг аль алиныг нь давхар ногдуулах шийтгэлтэй байдаг.

Харин хууль сахиулах үйл ажиллагаанд саад учруулбал долоо хүртэл жил шоронд хоригдох, мөнгөн торгууль хүлээх, эсвэл эдгээр шийтгэлийг давхар ногдуулах ялтай байдаг байна.

 

Эх сурвалж: BBC