Өмнөд Солонгосын боомт Пусан хотын сувагт гацсан аварга загасыг үзэхээр долоо хоногийн дотор 600,000 орчим хүн иржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хамгийн том далайн боомт хотын нарийн сувагт долоо хоног гаруй хугацаанд гацсан аварга загас санамсаргүй жуулчдыг татах томоохон үзвэр болжээ.

Пусан хотын хойд боомтын (North Port) нэрээр "Букан-и" хэмээн нэрлэгдсэн 3.5 метр урт биетэй аварга загас есдүгээр сарын 18-нд тус хотын сувагт анх харагдсанаас хойш 600,000 гаруй хүн үзэхээр ирснийг хотын удирдлага тооцоолсон байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь далайгаас олз хайж суваг руу орсон ч буцаж гарах замаа олж чадаагүй "хүрэл өнгөт аварга загас" (bronze whaler shark) ажээ.

Сөүлээс зүүн өмнө зүгт 325 км зайд орших тус хотын эргийн хамгаалалтын албаныхан эхний өдөр түүнийг сувгаас гаргахыг оролдсон боловч зургаан цагийн дараа уг ажиллагааг зогсоосон байна. Учир нь судлаачид энэ амьтныг хүчээр хөөх нь түүнд гэмтэл учруулах эсвэл түрэмгий ааш авир гаргахад хүргэж болзошгүйг анхааруулжээ.

Мягмар гарагийн өглөө эргийн хамгаалалтын албаныхан аварга загасыг сувгийн ам руу чиглүүлэхийн тулд ар талаас нь усаар шүрших аргыг хэрэглэсэн бөгөөд албаныхны мэдээлснээр энэ нь 2004 онд Массачусетс мужийн гүехэн усанд гацсан цагаан аварга загасыг аварсан туршлага дээр үндэслэсэн арга байв.

"Herald Business" сонины мэдээлснээр аварга загас завинуудын дундуур гарч, суваг руу буцаж сэлснээр анхны оролдлого бүтэлгүйтжээ. Загасны аж ахуйн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр аварга загасны биеийн байдал одоогоор тогтвортой байгаа ч хооллох, хөдлөх чадвар нь хязгаарлагдсан тул удаан хугацаанд тэнд байвал биеийг нь сулруулж болзошгүй гэж үзэж байна. Мягмар гарагийн үдээс хойш аварга загасыг сувгаас гаргаж чадаагүй тул ажиллагааг дахин зогсоожээ.

Өмнөд Солонгосын эрэг орчмын усанд аварга загас тааралдах нь ховор үзэгдэл биш юм. Загасны аж ахуйн хүрээлэнгийн мэдээллээр энэ оны эхний хагаст зүүн эргийн орчимд 46 том оврын аварга загас бүртгэгдсэн нь өмнөх оныхоос бараг дөрөв дахин өндөр үзүүлэлт бөгөөд үүнийг далайн усны температур нэмэгдсэн болон акулын идэш болдог загасны тоо олширсонтой холбон тайлбарлаж байна.

Хотын захиргааны мэдээлснээр амралтын өдрүүдэд өдөрт дунджаар 2,000 орчим хүн зочилдог байсан хойд боомтын эргийн цэцэрлэгт хүрээлэнд есдүгээр сарын 19-нөөс 28-ны хооронд нийт 607,000 хүн зочилсон байна. Мягмар гарагт 62 настай Ким Жон Сүк хэмээх иргэн уг загастай салах ёс гүйцэтгэхээр ирэхдээ "Хэд хоногийн турш энд харсаар байгаад дасчихжээ... Сэтгэл жаахан гунигтай байна" гэж хэвлэлд ярьжээ.

Пусан хотын дарга Чон Жэ Сү ч бас уг загасны шүтэн бишрэгч болсон гэнэ. Тэрээр CBS радиод өгсөн ярилцлагадаа: "Энэ аварга загас үнэхээр олны анхаарлыг татах онцгой шинж чанартай амьтан юм. Тав, арван минут тутамд л усны мандал дээр гарч ирдэг. Үнэхээр өхөөрдөм амьтан шүү" гэж хэлсэн байна.

Хотын захиргаанаас Инстаграм сүлжээгээр явуулсан санал асуулгад оролцогчдын 91 хувь нь уг аварга загасыг "Шафлюэнсер" (Shark + Influencer буюу Аварга загас-нөлөөлөгч) хэмээн нэрлэхийг дэмжиж, хотын сурталчилгааны хүндэт элчээр өргөмжилжээ. Хотын бэлгэ тэмдэг болсон "Буги" дүр түүний өмнөөс уг өргөмжлөлийг гардан авах юм байна.

Аварга загасыг үдэж гаргахаар аавынхаа хамт ирсэн найман настай хүү И До Юн түүнд санаа зовохгүй байгаагаа "Зүгээр дээ. Букан-и найзуудтайгаа уулзах гэж байгаа юм чинь" гэсэн үгээр илэрхийлжээ.

 

Эх сурвалж: The Guardian