АЙЧИ НАГОЯ 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од тав дахиа Азийн наадамд оролцлоо
Азийн наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 5,000 метрийн Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од, Гансүхийн Бат-Эрдэнэ нар өрсөлдлөө.
Нийт 19 гүйгч өрсөлдсөн уг төрөлд Бахрейны Бирхану Балев 13:30.79 минутаар алтан медаль хүртсэн бол Японы Томонори Ямагүчи мөнгө, Энэтхэгийн Гулвеер Синх хүрэл медаль хүртэв.
Манай тамирчдаас Г.Бат-Эрдэнэ 14:45.74 минутаар 13-т, Б.Сэр-Од 14:53.41 минутаар 15-д жагслаа.
Ирэх аравдугаар сард 45 нас хүрэх Б.Сэр-Од 2006 оны Дохагийн Азийн наадамд анх оролцож байлаа. Ингээд тэр марафоны төрөлд дөрвөн удаа эх орноо төлөөлсөн бол энэ удаад 5,000 метрийн зайд хурд сорилоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
